ДУНДГОВЬ: "Ботгонд бонус" хөтөлбөрт 2 сумын 162 малчин өрх хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-02-20 10:26:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Ботгонд бонус” хөтөлбөрт Дундговь аймгийн Баянжаргалан, Дэлгэрхангай сум хамрагдаж, 2 сумын 162 малчин өрхийн шинээр бойжиж буй ботго тус бүрд 20 000 төгрөгийн урамшуулал олгожээ.

“Монголын Алт” (МАК) ХХК нь 2013 оноос эхлэн тэмээг өсгөн үржүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, улмаар говийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулах зорилгоор “Ботгонд бонус” хөтөлбөрийг 10 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрт Говийн 3 аймгийн 5 сум хамрагддаг аж. Тодруулбал, тус хөтөлбөр Дорноговь аймгийн Мандах, Даланжаргалан, Өмнөговь аймгийн Гурвантэс, Дундговь аймгийн Баянжаргалан Дэлгэрхангай суманд хэрэгждэг.

Энэ жил дээрх сумдын 540 малчин өрх нийт 4010 ботгоны мөнгөн урамшуулал авах бөгөөд үүнд Дундговь аймгийн Баянжаргалан сумаас 10, Дэлгэрхангай сумаас 152 малчин өрх энэхүү урамшуулалд хамрагдаж байна.  

2022 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Дундговь аймаг 183 067 тэмээ тоолуулснаас Баянжаргалан сум 6528 тэмээ, 33 ботго, Дэлгэрхангай сум 9195 тэмээ, 821 ботго тоолуулсан.

“Монголын Алт” (МАК) ХХК нь дээрх сумдад “Ботгонд урамшуулал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна Монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан зорилтот сумдын ахмад настнуудад гарын бэлэг өгч баярлуулдаг юм. Энэ жил дээрх 5 сумын 1392 ахмад настанд 175,0 сая төгрөгийн бэлэг гардуулжээ. 



Холбоотой мэдээ