ОРХОН: ИТХ-ын төлөөлөгч ёс зүйн алдаа гаргавал сахилгын шийтгэл ногдуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит
XIV хуралдаанаар "Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм"-ийг шинэчлэн
баталлаа.
Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн 3.8-д “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн
цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглахдаа Нутгийн өөрөө удирдах байгууллага,
төлөөлөгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл
ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл, зураг, дууны, дуу-дүрсний бичлэг
болон бусад хэлбэрийн мэдээ, мэдээлэл тараах, байршуулах” гэсэн
заалтад зарим төлөөлөгч зарим үг, өгүүлбэрт шүүмжлэлтэй хандаж хасах санал оруулсан ч олонхын саналаар хэвээр нь үлдээлээ.
ИТХ-ын төлөөлөгч ёс зүйн зөрчил гаргах нь иргэд,
олон нийт, иргэний нийгмийн зүгээс төлөөлөгчид итгэх итгэлийг алдагдуулах, Нутгийн
өөрөө удирдах байгууллагын нэр хүндийг бууруулах сөрөг үр дагавартай байдаг
байна. Иймд ИТХ-ын төлөөлөгч нь бүрэн эрхийнхээ хугацаанд дараах ёс зүйн хэм хэмжээг сахин
мөрдөнө:
•
Орон нутгийн бие даасан байдал, иргэдийн нийтлэг ашиг сонирхлыг
эрхэмлэх
•
Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэх
•
Үндсэн хууль, хууль ёсыг дээдлэн сахиж биелүүлэх
•
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх
•
Биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх
Төлөөлөгч
нь дараах ёс зүйн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй:
•
Төлөөлөгч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн
шаардлага
•
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёс зүйн шаардлага
•
Албан томилолтой холбоотой ёс зүйн шаардлага
•
Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой ёс зүйн шаардлага
•
Шагнал, бэлэг дурсгал хүлээн авахтай холбоотой ёс зүйн
шаардлага
Төлөөлөгчийн
ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийн талаарх Ёс зүйн хорооны санал
дүгнэлтийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, ёс зүйн зөрчлийн шинж байдлыг
харгалзан дараах сахилгын шийтгэлийг ногдуулна:
•
Уучлал гуйхыг үүрэг болгох
•
Хаалттай сануулах
•
Нээлттэй сануулах