БАЯНХОНГОР: Монгол Улсын Баатар Н.Жамбаагийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-01 14:49:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. Эх орончдын баярын энэ өдөр Баянхонгор аймгийн МАН-ын хорооноос Монгол Улсын Баатар Норпилын Жамбаагийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл илэрхийллээ.


Хүндэтгэл илэрхийлэх ёслолд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, аймгийн Засаг дарга бөгөөд МАН-ын хорооны дарга Д.Мөнхсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, аймаг орон нутаг, сумдын удирдлагууд, МАН-ын гишүүд дэмжигчид, ард иргэд оролцов. 


Монгол Улсын баатар Норпилын Жамбаа нь  /1918-2007/ Баянхонгор аймгийн Богд сумын Эрдэнэтолгойд төрсөн. 1937 онд цэргийн албанд татагдан, Матадын 8-р дивизийн 23-р морьт хороонд цэрэг, 24-р отряд байгуулагдахад 7-р заставт тасгийн даргаар алба хаан, Халхын голын дайнд оролцсон. 1939-1943 онд 7-р заставын дарга, 1943-1944 онд Тусгай хороонд салааны дарга, 1944-46 онд 7-р отрядын харьяа Сэгсцагаан богдод тусгай отрядын дарга, 1946-1951 онд хилийн 5, 6-р отрядын Ганцмод, Байтагийн заставын дарга, 1951-1957 онд НАХЯ-ны комендатурт жижүүр, төлөөлөгч, 1957-1979 онд БХЯ-ны 026-р ангид жолооч, ахлагчаар ажиллажээ. 


П.Чогдонгийн командалсан 7-р заставт алба хааж байхдаа олон удаа байлдаан, хилийн тулгаралтуудад оролцсоны заримаас дурдвал: 1939 оны эхээр цэрэг Даш, Цэнд нарын хамт дайсны эзэлсэн Талын манхныг морин атакаар дайрч, давуу хүчтэй дайсны удаа дараагийн дайралтыг хориглон няцааж, заставын бэлтгэл хүч иртэл барьж чадсан. 1939 оны 5-р сарын эхээр Хайлааст манханд манаа ахлан 400 орчим дайсантай тулалдсан, Бойтогт манханд дайсныг заставын хүчээр 3 талаас нь бүслэн устгахад нэг хэсгийг удирдсан, 1939 оны 6-р сард дайсны ар талд гарч хүнсний малаа авчран цэргээ хоолтой залгуулсан, 1939 оны 6-р сарын сүүлчээр Хулд ууланд дайсны ар тал, бэлтгэл хүчийг устган чөлөөлсөн, Зоригт хилчин М.Гаасүрэнгийн шарилыг дайсны галын дундуур явж авч ирсэн зэрэг гавъяа олныг дурдаж болно. 1943-1946 онд Баянхонгорын Сэгсцагаан богдын чиглэлд ДЯЯ-ны орлогч сайд Дордогийн удирдлага дор групп удирдаж тусгай үүрэг гүйцэтгэсэн, 1946-1951 онд баруун хилийн тулгаралт байлдаануудад удаа дараа оролцон ялж байсан баатарлаг үйлстэн юм. Н.Жамбааг АИХТ-ийн 1979 оны 247-р зарлигаар Улсын баатар цолоор шагнасан байна.



Түүний төрсөн нутаг Баянхонгор аймгийн төв талбайд хөшөөг нь босгосон бөгөөд Хилийн 0198 дугаар ангийн Дэгээ голын заставыг Дорнод аймгийн ИТХ-ын 2011 оны 03 дугаар тогтоолоор түүний нэрэмжит болгосон билээ.

Холбоотой мэдээ