ДОРНОД: Хавирга-Архашаатын боомтоор 300 гаруй зорчигч нэвтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-09 19:39:38

Чойбалсан /МОНЦАМЭ/. Хавирга-Архашаатын боомт өнгөрсөн сарын 27-ны өдөр хэвийн горимд шилжсэнээс хойш өнөөдрийн байдлаар 64 тээврийн хэрэгслээр 333 зорчигчийг нэвтрүүлээд байна. Цар тахлын улмаас гурван жилийн турш хаалттай байсан боомт ийнхүү хэвийн ажиллаж эхэллээ.

БНХАУ руу зорчиж буй иргэд Авто тээврийн төвд автобусны тасалбар бичүүлж, ПСР шинжилгээний сөрөг хариутай хилээр нэвтрэх боломжтой. Мөн хувийн автомашинаар зорчихыг хориглож, наймаас дээш хүний суудалтай автомашинаар өдөрт 120-иос дээшгүй хүнийг хоёр улсын хилээр нэвтрүүлж байна.  

Харин нэгдүгээр сарын 19-нөөс өнөөдрийг хүртэл 38 тээврийн хэрэгслээр 2742 тонн нүүрс хилээр гаргасан бол 25 тээврийн хэрэгслээр 50 ширхэг шинэ чингэлэг импортоор орж иржээ.

Хавирга-Архашаатын боомт нь экспортыг нэмэгдүүлдэг, Зүүн хойд Азийн орнуудтай холбогдох ач холбогдол ихтэй боомт бөгөөд хэвийн горимд шилжсэнээр хоёр улсын хоорондын харилцаа холбоо сайжирч, эдийн засгаа тэлэх олон боломж бүрдэж байна гэж Дорнод аймаг дахь Хилийн боомтын захиргаанаас мэдээллээ. Цаашид бусад боомтыг үе шаттай нээхээр ажиллаж байна гэж тус захиргааны дарга Э.Гантулга онцлов.  

Хавирга-Архашаат боомт нь анх 1992 оны долдугаар сарын нэгний өдөр нээгдэж, 2004 оноос тогтмол үйл ажиллагаагаа явуулж, өдөрт дунджаар 500-700 хүн хоёр улсын хооронд зорчиж байсан юм.  

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Боомтын хөгжлийн сэргэлт”-ийн хүрээнд Хавирга-Архашаат боомтын дэд бүтцийг хөгжүүлж, боомтын хөгжлийн төлөвлөгөөг “Өрнөл проект” ХХК гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ