ТӨВ: Энх мэндийн харваанд 700 гаруй харваач оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-14 07:38:42

Зуунмод /МОНЦАМЭ/ “Энх мэндийн харваа-2023” шагайн харвааны 18 дахь удаагийн улсын тэмцээн энэ сарын 11-ний өдөр Зуунмод суманд болов.

Тус тэмцээнд 14 аймаг, 6 дүүргийн, 87 багийн 700 гаруй харваач оролцсон байна. Монгол Улсын даяар дуурсагдах, дархан мэргэн 1, Үлэмж дархан мэргэн 58, Дархан мэргэн 42, Гарамгай мэргэн 38, Хошой мэргэн 72, аймгийн гоц мэргэн 192, харьшгүй мэргэн 38 оролцож цэц мэргэнээ сорин өрсөлджээ.



Энэхүү тэмцээний онцлог зүйлсийн талаар Төв аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Д. Алтанхуягаас тодруулахад, “Энэ жил шилдэг гэж нэрлэгддэг бүх баг оролцож байгаагаараа их онцлог болж байна. Урьд жилүүдийнхээс өргөн дэлгэр болж, оролцогч нарын тоо хүртэл жил бүр зуу, зуугаараа нэмэгдсээр байна. Энэ нь тус спортоор хичээллэгсдийг нэмэгдүүлэх, өв соёлыг уламжлах зорилготой бид болон тамирчдын хувьд томоохон дэвшил гэж харж байна. Мөн энэ жилийн тэмцээнд хамгийн балчир оролцогч нь 10 настай, хамгийн ахмад нь 86 настай хүн байсан нь уг спорт хүн бүрийн сонирхон үздэг, хичээллэх боломжтой наадгай гэдгийг харуулж байна” гэв.


Тэмцээний тэргүүн байрыг Монгол Улсын Гарамгай мэргэн Г.Наранбат ахлагчтай Өвөрхангай аймгийн Гуа-Орд баг эзэлж цомын эзэн болсон бол дэд байрыг Монгол Улсын мэргэн Т.Сонинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг, гутгаар байрыг Монгол Улсын Гарамгай мэргэн С.Бат-Эрдэнэ ахлагчтай Өмнөговь аймгийн Тээвэр ложистик ХХК-ийн баг тус тус эзэллээ.


“Энх мэндийн харваа-2023” 18 дахь удаагийн харвааны шилдэг харваачаар Өвөрхангай аймгийн Гуа-Орд багийн харваач Ж.Лхагвасүрэн шалгарч цом, мөнгөн шагналаар шагнуулав.



Шагайн харвааны энэ тэмцээнийг "Лансын харваа" нэртэйгээр таван жил уламжлал болгон зохион байгуулж байгаад 2011 оноос эхлэн "Энх мэндийн харваа" нэртэйгээр зохион байгуулж эхэлжээ.


Холбоотой мэдээ