Хятадын эгдүүцлийг төрүүлсэн AUKUS-ын шийдвэр

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-03-15 16:15:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сан-Диего дахь АНУ-ын Номхон далайн флотын хамгийн том баазад даваа гарагт болсон AUKUS гэдэг гурван талт цэргийн эвслийн дээд хэмжээний уулзалтаас Австрали улсад 3 шумбагч хөлөг онгоц худалдах шийдвэрийг гаргалаа.


АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Австралийн Ерөнхий сайд Э.Албаниз нарын гаргасан хамтарсан мэдэгдэлд “Хятадын зүгээс өсөн нэмэгдэж буй аюул заналыг мэдэрч буй Австрали улсад гурван шумбагч хөлөг онгоцыг үйлдвэрлэж нийлүүлнэ” гэж дурджээ.


Олон тэрбум долларын өртөг бүхий AUKUS-ын хэлцлийн дагуу 2030 оны эхээр Австрали улс Virginia ангиллын гурван шумбагч хөлөг онгоцыг хүлээн авах ба шаардлагатай тохиолдолд энэ тоо 5 болж нэмэгдэж магадгүй. Эдгээр шумбагч хөлөг онгоц нь дуу чимээ багатай цөмийн хөдөлгүүртэй, гэхдээ цөмийн зэвсэггүй байх юм. Түүнээс гадна, 2027 оноос эхлэн Их Британи, АНУ хоёр Баруун Австралид 5 шумбагч хөлөг онгоцоо сэлгэн байрлуулна. The Financial Times сонины тооцоолж байгаагаар, 30 жилийн хугацаанд хамгийн цөөндөө гэхэд 8 шумбагч хөлөг онгоцыг худалдан авахад Австрали улс 125 тэрбум доллар зарцуулах бололтой.   

Австралид нийлүүлэх "Virginia" ба "Astute" ангиллын шумбагч хөлөг онгоцууд 


Уулзалтын үеэр Р.Сунак хэлэхдээ "АУКУС байгуулагдсанаас хойших 18 сарын дотор дэлхий дахины тогтвортой байдалд учирч буй сорилт бэрхшээлүүд улам нэмэгдсэн" гээд жишээ болгож, Орос-Украины дайн, Хятадын хүч нөлөө өсөн нэмэгдэж байгаа, Иран ба Умард Солонгосын явуулж буй бодлого зэргийг дурдлаа.  


Дээрх хоёр шийдвэр нь Хятадыг тогтоон барих зорилготой бөгөөд сүүлийн үед Тайваны талаар явуулж буй Бээжингийн хатуу бодлого, Орос-Хятадын түншлэл, Соломоны арлуудын засгийн газартай Хятад улс аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан зэрэг нь Австралийн эрх баригчдын санааг ихэд зовоож байгаа юм. Ташрамд дурдахад, Соломоны арлууд нь Номхон далай дахь тээврийн амин чухал маршрутуудын уулзвар дээр оршдог бөгөөд Дэлхийн II дайны үеэр Гуадалканал гэдэг арлын төлөө ширүүн тулалдаан болж байжээ.


Харин Сан-Диегогийн мэдэгдлийг Хятад улс маш их эгдүүцэн хүлээн авч “тус гурван улс алдаатай бөгөөд аюултай зам дээр гарч ирснийг” анхаарууллаа. “АНУ, Их Британи, Австралийн хамтарсан мэдэгдэл нь эдгээр улсууд өөрсдийн геополитикийн ашиг сонирхлын үүднээс дэлхийн хамтын нийгэмлэгийн санааг зовоож буй асуудлыг илт үл тоомсорлож, алдаатай бөгөөд аюултай замаар улам цаашаа явж буйг харууллаа” гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгджээ. Мөн НҮБ-д суугаа Хятадын төлөөлөгчийн гаргасан мэдэгдэлд, АУКУС-ын гурван улс зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг улам дэвэргэж байгааг буруушаалаа.


Жил хагасын өмнө АУКУС байгуулагдсан нь Франц ба Хятадын дургүйцлийг төрүүлж байв. Уг эвсэл бий болсноор Австралийн захиалгаар 12 шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэх гэж байсан Францын төлөвлөгөө тасалдаж, Парисыг хилэгнүүлж байсан бол өнгөрсөн хугацаанд холбоотнуудын хоорондох хэрүүл маргаан бүрэн намжжээ. Харин Хятадын тал эвсэл байгуулагдсан явдлыг Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн байдлыг тогтворгүй болгоход хүргэж буй маш хариуцлагагүй алхам гэж дүгнэсэн хэвээр байна.  

БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь

Хятадын тал эгдүүцэн дургүйцэж байгаа нь санамсаргүй зүйл биш юм. Учир нь, АУКУС холбоо яг хэний эсрэг чиглэж байгаа вэ гэдгийг тус эвслийг бүрдүүлэгч гурван улс огт нуудаггүй, хоёрдугаарт, барууны зарим хэвлэлүүд гал дээр тос нэмж, албаны хүмүүсийнхээс илүү дайнч үг яриаг өдөөж байна. Тухайлбал, Сан-Диегогийн уулзалтын өмнөхөн The Financial Times сонинд “Номхон далай дахь түрэмгийллийн эсрэг тус гурван улс 70 гаруй жилийн өмнө нэгдэж байв” гэж бичиж байх жишээтэй.


Бээжингийн дургүйцлийг төрүүлсэн өөр нэгэн шалтгааныг дурдвал, АУКУС-ын гол төсөл бол Австралийн захиалгаар цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлөг онгоцууд үйлдвэрлэх явдал. Одоогоор тус улс дизель-цахилгаан хөдөлгүүр бүхий 6 шумбагч онгоцтой бөгөөд хэдхэн жилийн дараа цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлөг онгоц бүхий улс орнуудын жагсаалтад орох гэж байна. Эл жагсаалтад АНУ, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Орос багтдаг. Гэтэл цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцыг цөмийн зэвсэггүй Австралид худалдах нь Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг зөрчиж буй хэрэг хэмээн Хятадын тал үзэж байна.


Харин Ерөнхийлөгч Ж.Байден хэлэхдээ, Австралид нийлүүлэхээр амласан шумбагч хөлөг онгоцууд цөмийн цэнэгт хошуу тээхгүй гэдгийг дурдаад, гуравдахь удаагаа сонгогдсон Хятад улсын дарга Ши Жиньпинтэй утсаар ярих бодолтой байгаагаа илэрхийлэв. Гэвч яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэсэн дохио Бээжингийн зүгээс ирээгүй ба хоёр улсын цэргийн төв байгууллагууд хоорондын хэлхээ холбоо үндсэндээ тасраад байна.


Сэргэж буй худалдаанд учрах саад 


Австралийн эрх баригчид холбоотнуудтайгаа ойртон нягтарч байгаадаа сэтгэл хангалуун байгаа бол Сан-Диегод гаргасан АУКУС-ын шийдвэр Австрали-Хятадын худалдаа-эдийн засгийн харилцаанд багагүй бэрхшээл учруулж мэдэхээр байна.  


Коронавирусний халдварын голомтыг нууцалж байна гэх шалтгаанаар Австралийн эрх баригчид Бээжинг буруутгасны хариуд 2020 оны сүүлчээр Хятадын тал Австралийн нүүрснээс гадна арвай, дарс, сахар зэрэг 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзсанаар хоёр орны хооронд албан ёсны бус “худалдааны дайн” дэгдсэн билээ. Харин он гарснаас хойш Хятадын тал хоригуудаа цуцалж, хоёр улсын янз бүрийн түвшний албаны хүмүүсийн хооронд яриа хэлэлцээ тогтмолжиж байгаа юм. Тухайлбал, Австралийн Худалдааны сайд Дон Фаррел ойрын үед Бээжинд айлчлах гэж байна.


АУКУС цэргийн эвсэл Хятад-Австралийн худалдааны дайн ид өрнөж байх үед байгуулагдсан бол одоо ковид намжиж, нөхцөл байдал өөрчлөгджээ. Гэтэл тус эвслийн үйл ажиллагаа идэвхжиж байгаа нь Хятадад яавч таалагдахгүй, ингэснээр хоёр талын эдийн засгийн харилцаа тодорхой хэмжээгээр хумигдахад нөлөөлнө гэдгийг Сидней дэх Lowy судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Майкл Фуллилав хэллээ.


The Washington Post сонинд бичсэнээр, Жо Байдены хувьд Австралийг АУКУС эвсэлд оролцуулах нь Хятадыг сөрөн зогсоход туйлын чухал бол Австралийн хувьд, хамгийн хүчирхэг холбоотон ба худалдааны хамгийн том түнш хоёрынхоо дунд төдийлөн хүсмээргүй байдалд орчихоод байна.  

Холбоотой мэдээ