ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨРТ: Ган гачгийг ялсан цөлийн орон-Израил
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хотуудын усан хангамж, газар тариалангийн усжуулалт,
үйлдвэрүүдийн усны хэрэгцээ зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд гол мөрөн,
нуурууд болон цэвэр усны бусад эх үүсвэрийг ашиглах боломж улс орон бүрт
байдаггүй.
Ийм бэрхшээлтэй тулгарсан боловч түүнийг даван туулж чадсан
улсуудын нэг бол Израил юм. Дэлхийн хамгийн хуурай бүс нутгуудын нэг болох
Ойрхи Дорнодын яг төвд орших тус улс гадаргын цэвэр усны нөөц маш багатай.
Израилчуудын өвөг дээдэс нь өвлийн цагт богинохон хугацаанд үргэлжилдэг
борооны улирлын үеэр багахан хэмжээний ус чийгийг хуримтлуулах замаар амьдралаа
залгуулсаар иржээ.
Гэтэл шинэ Израил улс байгуулагдахтай зэрэгцээд л усны асуудал нэн хурцадсан тул өнгөрсөн 70 гаруй жилийн туршид израилчууд “еврей ухаан”-аа ажиллуулсаар ирсэн гэхэд болно. Цэвэр усны цорын ганц нөөц болох Тивериад нуур нь сүүлийн 75 жилд 10 гаруй дахин өссөн Израилын хүн амыг ундны усаар хангах ямар ч боломжгүй байв. Харин хязгааргүй их нөөцтэй далайн усыг цэвэршүүлэх технологийг хөгжүүлэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг еврейчүүд олж харжээ. Далайн усыг цэвэршүүлэн хэрэглэхгүйгээр эдийн засгийг хөгжүүлэх, хүн амын усны хэрэгцээг хангах тухайд бодохын ч хэрэггүй байлаа.
Усыг цэвэршүүлнэ гэдэг бол далайн ба нуурын давстай ус, газрын гүний давстай усыг түүнд ууссан давс ба эрдэс бодисуудаас ангижруулах нүсэр ажиллагаа билээ. Дэлхийн II дайны дараах хүнд үед усыг цэвэршүүлж хэрэглэх нь “ой тоонд багтамгүй тансаг хэрэглээ” байсан боловч Израилын эрх баригчид улс орныхоо ирээдүйн төлөө хөрөнгө мөнгийг харамгүй зарцуулж байлаа.
1950-иад оны үед шинэ тулгар Израил улсын анхны Ерөнхий сайд Давид Бен-Гурион цэвэршүүлэх технологийн ач холбогдол, ирээдүйг хамгийн түрүүнд олж харснаар улсынхаа ирээдүйн хөгжлийн суурийг тавьсан гэхэд хэтрүүлсэн болохгүй. Харин Израилын ус цэвэршүүлэх үйлдвэрлэлийн эх суурийг тавьсан хүн бол профессор Александр Зархин юм. Тэрбээр зарчмын хувьд цоо шинэ технологи буюу “Вакуум даралтын нэрэлт”-ийн аргыг боловсруулж, Улаан тэнгис дэх амралт сувиллын Эйлат хотын цэвэршүүлэх байгууламжинд суурилуулжээ. Уг технологийн зарчим тун энгийн бөгөөд далайн усыг уур, мөс, шингэн гэсэн гурван төлөвт оруулснаар давс ба эрдсүүдээс нь ангижруулж, цэвэр усыг гарган авна.
Хадера хот дахь далайн усыг цэвэршүүлэх байгууламж
Хэдийгээр эл арга нь эрчим хүчний хувьд хэмнэлттэй байсан
боловч Зархины төсөл бүтэлгүйтэв. Учир нь, ууршилтын явцад температурын горимыг
хэт нарийн тохируулах шаардлагатай болдог, төхөөрөмжүүд хэт их зай эзэлдэг,
үйлдвэрлэлийн процесст өргөн хэрэглэх боломж хязгаардлагдмал гэх мэт хэд хэдэн дутагдалтай байжээ.
Иймээс А.Зархин бусад эрдэмтэд, тэдний дотор профессор Сидней
Лееб нартай хамтран “буцах осмос”-ын технологийн /далайн усыг мембранаар
дамжуулж, давс ба эрдэс бодисуудаас нь ангижруулан цэвэршүүлэх/ суурь болсон хиймэл
мембраныг боловсронгуй болгоход гол анхаарлаа төвлөрүүлэв.
Энэ мэтээр алдаж оносоор ирсний эцэст Израилын эрдэмтэд, инженерүүд дуслын усалгааны ухаалаг системүүд, далайн усыг цэвэршүүлэх ба усыг дахин ашиглах технологиудыг гарган авч чадсан бөгөөд үүний ачаар тус улсын хөдөө аж ахуйн салбар дэлхийд тэргүүлэх эгнээнд хүрчээ. Тухайлбал, Израилын газар тариалангийн салбарт ашиглаж буй усны 80 орчим хувийг цэвэршүүлсэн болон борооны ус эзэлж байгаа бол нийт усны хэрэглээний 50 хувь /ундны усны 80 хувь/ нь далайн цэвэршүүлсэн ус юм.
Негевийн цөл 1956 онд ба өнөөдөр
2013-2018 он хүртэл үргэлжилсэн их ган гачгийн үеэр ч гэсэн ус дамжуулах хоолойнууд, усан оргилуурууд хэвийн ажиллаж, цэцэрлэгт хүрээлэнгүүд нов ногооноороо байв. Орчин үеийн технологийн ачаар Израил орон усны хэрэгцээгээ бүрэн хангаж, усны гачигдлаас гарсан төдийгүй Палестины Өөртөө засах нутаг дэвсгэрийг усаар хангаж, бусад улстай арга туршлага, технологио хуваалцаж байгаа нь гайхамшиг мөн. Энэ бол чухамдаа далайн усыг цэвэршүүлэх технологийн үр өгөөж юм.
Тухайн салбарт хамгийн их амжилт олсон Израилын компани бол IDE Technologies бөгөөд өдгөө дэлхийн 40 улсад ус цэвэршүүлэх үйлдвэр барих 400 гаруй төслийг хэрэгжүүлээд байна. Тухайлбал, дэлхий дээрх хамгийн том ус цэвэршүүлэх заводыг Хятадад барьсан бол Карибын тэнгисийн сав газрын улсуудад томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна.Өнөөдөр израильчууд цэвэршүүлэх технологийн зах зээлд гол тоглогч болсон төдийгүй усыг цэвэршүүлэхдээ эрчим хүчинд хэмнэлттэй, “ногоон” технологийг хэрэглэх тал дээр тэргүүлж байна. Тухайлбал, IDE Technologies компани усыг цэвэршүүлэхэд зарцуулдаг асар их эрчим хүчийг хэмнэх үүднээс эрчим хүчний рекуперацийн /сэргээн ашиглах/ технологийг гарган авчээ.
Түүнээс гадна, далайн усыг цэвэршүүлэх явцад дагалдах дайвар
бүтээгдэхүүнүүд болох химикатууд, давсны уусмал, хүлэмжийн хий их хэмжээгээр
ялгардаг. Эдгээрийг
багасгахын тулд IDE Technologies компани усыг цэвэршүүлэх эхний үе шатанд
химикатууд ашигладаггүй ProGreen гэдэг технологийг гарган авчээ. Өөрөөр хэлбэл,
химийн бодисуудын оронд механик шүүлтүүрийн аргыг хэрэглэнэ гэсэн үг. Ингэснээр
химийн бодисуудын үлдэгдлүүд буцаад далай руу орох явдлыг зогсоох ба
цэвэршүүлэх байгууламжийн ажилчдын эрүүл мэндэд тустай.
Сүүлийн жилүүдэд Израилын компаниуд цэвэршүүлэн гаргаж авч буй ундны цэвэр усны өөрийн өртгийг үлэмж бууруулснаар 20 жилийн өмнө 1 шоо метр усыг цэвэршүүлэх зардал 2 доллар байсан бол өнөөдөр 50 цент болжээ. Ус ашиглалт ба түгээлт, усыг цэвэршүүлэх, эргүүлэн ашиглах шилдэг технологи ба менежментийн шийдлүүдийг бий болгож, шилдэг туршлага, шинэ арга хэрэгслүүдээр үндэсний технологийг баяжуулан хөгжүүлснээр ийм үр дүнд хүрчээ. Дэлхий дээрх усны нөөцийн 90 гаруй хувь нь давстай ус байдаг тул далайн усыг цэвэршүүлэх Израилын технологи нь хүн төрөлхтөнд амин чухал бөгөөд асар ирээдүйтэй.
Хэдийгээр усныхаа хэрэгцээг бүрэн хангаж чадаж байгаа боловч усны аж ахуйгаа шинэчлэх зорилтыг Израилын засгийн газар дэвшүүлжээ. 5 жилийн турш дараалан үргэлжилсэн их ган гачиг нь цэвэр усны хомсдолын асуудлыг шийдвэрлэх шинэ арга замуудыг хайхыг шаардаж байна. Иймээс 2030 он хүртэлх стратегийн хөгжлийн төлөвлөгөөнд “далайн усыг цэвэршүүлэх станцуудыг шинээр барих, усыг Тивериад нуур руу татах”-аар тусгасан байна.
Өнөөдөр Израил улс хөдөө аж ахуйн салбарт усыг дахин ашиглах тал дээр дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд хэрэглэсэн усныхаа 86 хувийг эргүүлэн ашиглаж байгаа нь гайхамшиг мөн. Хоёрдугаарт бичигдэж буй Испани улсад эл үзүүлэлт дөнгөж 17 хувьтай байх жишээтэй.
Усыг цэвэршүүлэх, дахин ашиглах технологиудын ачаар Израил улс усны гачаалаас бүрмөсөн гарсан хэдий ч чандмань эрдэнэ болсон усаа хайрлаж гамнах сэтгэлгээ еврейчүүдийн тархинд гүн батжин суужээ. Ялангуяа үе үе хэдэн жилээр үргэлжилдэг ган гачгийн үед усыг хэмнэх аяныг байнга зохион байгуулж ирсэн нь ирээдүй хойч үеийнхэнд усыг гамнах сэтгэлгээг төлөвшүүлж байна. Жишээ татахад, ус дамжуулах хоолойд тусгай хошуу хийснээр усыг 30 хүртэлх хувиар хэмнэсэн бол усны төлбөрийг шаталсан тарифт шилжүүлснээр хэтрүүлэн ашигласны төлбөр эрс нэмэгджээ. Үүний зэрэгцээ Израилын хэвлэлүүд “усаа хэмнэхийн тулд 4 минутаас бага хугацаанд шүршүүрт орох”-ыг уриалж байв. Толгойгоо савандах үедээ шүршүүрийн цоргоо хаах нь израилчуудын хувьд үндэсний гэмээр дадал зуршил болж тогтжээ.