ДУНДГОВЬ: Хэлний бодлогын салбар зөвлөлөөс 41 шалгуурын 24 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-22 10:56:23
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл хуралдаж, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төрийн албан хаагчид болон иргэдийн дунд зохион байгуулах үндэсний бичгийн анхан, дунд, цахим бичвэрийн модуль сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэн батлав.

“Үндэсний бичиг III” хөтөлбөр, аймгийн Засаг даргын /2020-2024/ мөрийн хөтөлбөр, “Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд “Үндэсний монгол бичгийн боловсролыг дээшлүүлж, хос бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх” зорилго дор 1) төрийн байгууллагын албан хаагчдын монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, 2) монгол хэлний багш нар, төрийн алба хаагчид, суралцагчдад монгол бичгийн боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх, 3) албан байгууллагын албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах гурван чиглэлээр 41 шалгуурын 24 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг угтан төрийн албан хаагчдын "Үндэсний бичгийн мэдлэг сорих” сорил, Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн суралцагчдын дунд үндэсний бичгийн "Тэргүүний хурдан уншигч", 7-12 дугаар ангийн сурагчдын дунд үндэсний бичгээр бичих "Уран бичлэг", төрийн албан хаагчдын дунд "Үндэсний бичгийн цахим бичвэр" уралдаан болон 7-10 дугаар ангийн сурагчдын хичээлийн хоцрогдол арилгах "Монгол хэл, үндэсний бичгийн нийтийн олимпиад”, 15 сумын иргэдийн дунд "Тээгч, түгээгч" үндэсний бичгийн өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж, тус уралдаан, өдөрлөгийн зардал 5 390,0 мянган төгрөгийг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас зарцуулахаар шийдвэрлэжээ.

Тус хурлаар аймгийн төрийн албан хаагчид болон иргэдийн дунд зохион байгуулах үндэсний бичгийн анхан, дунд, цахим бичвэрийн модуль сургалтын хөтөлбөрийг мөн баталж, сургалтыг ирэх 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хуваарийн дагуу зохион байгуулж эхлэхээр болсон.

Хурлын үеэр аймгийн Засаг дарга, Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга Ц.Мөнхбат МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины захиалгыг нэмэгдүүлэх болон монгол хэл, үндэсний бичгийн улсын төрөлжсөн олимпиадыг аймаг, орон нутагтаа зохион байгуулах санаачилга гаргахыг чиглэл болгожээ.

Холбоотой мэдээ