ДОРНОГОВЬ: Эрүүл мэндийн салбарын шинэ технологи үйлчилгээг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-24 13:35:49

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний ололт, шинэ технологи, инновац, шилдэг туршлагыг иргэдэд танилцуулах “Эрүүл мэндийн технологи-2023” үзэсгэлэн Сайншанд хотын Спортын ордонд гуравдугаар сарын 24-нд анх удаа боллоо.

Аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан үзэсгэлэнд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн 126 байгууллага 28 өртөөгөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаа талаар иргэдэд танилцуулав. Аймгийн төвийн болон Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, сумдын эрүүл мэндийн төвүүд оролцов. Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбар нь Эрүүлийг хамгаалах албаны үндэс тавигдсан он жилүүдээс түүхэн замналыг туулан эдүгээ 90 гаруй жилийн түүхийг бүтээжээ.

2023 оны байдлаар орон нутагт төр ба хувийн хэвшлийн 125 эрүүл мэндийн байгууллагын 1200 гаруй эмч, мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу хүргэж байна. Хүний нөөцийн хангалт 92 хувь, тоног төхөөрөмжийн хангалт 93 хувьтай үзүүлж, эмчилгээ оношилгооны орчин үеийн шинэ технологи, тэргүүн туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байна. 

Тухайлбал нярайн түнхний эхо оношилгоог 2016 оноос нэвтрүүлэн, жилд дунджаар 1100 орчим нярайг харж, нярайн түнхний гажгийг эрт үед оношлож эмчлэх чадамжтай болсон нь дэвшил авчирсан аж.  

Мэс засал, гэмтлийн тасагт жилд 1800 гаруй үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлдгээс 1300 гаруй мэс засал, гэмтэл, чих хамар хоолой, нүдний мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Ялангуяа чих хамар хоолойн мэс ажилбарыг орон нутагтаа хийдэг болсноор иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэсэн чухал ажил болжээ.

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд орчин үеийн дэвшилтэт технологийн өндөр хүчин чадалтай, дотор, мэдрэл, уламжлалт, эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, нүд, шүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд үүд хаалгаа нээж, төрийн эрүүл мэндийн байгууллагуудад хийдэггүй оношилгоо, эмчилгээг хийж, иргэдэд хүргэх тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байна.

Аймгийн Уламжлалт анагаах ухаан, рашаан сувиллын төв жил бүр дөрвөөс таван эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлэн, 21 төрлийн эмчилгээ сувилгаа хийж, эмчилгээнд халуун чулуун массаж, төөнөт гуаша, нугалмын хөдөлгөөн заслаар хүзүү татах, элэг цэвэрлэх гэх мэт уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлж буй. 

Холбоотой мэдээ