СҮХБААТАР: Зүүн болон говийн бүсийн хоол үйлдвэрлэлийн салбарын аваргуудыг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-30 09:44:01

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Зүүн болон говийн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан буюу “Буурч цом-2023 тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд Сүхбаатар, Хэнтий Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь зэрэг долоон аймгийн 18-80 насны 200 гаруй тогооч, зөөгч оролцож байна. Тэд хоёр өдрийн турш арван төрөлд өрсөлдөж, цомын эздээ шалгаруулах юм.  


Нийт оролцогчдыг харьяаллаар авч үзвэл хоол үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуучлал, амралт сувиллын газрын 150 гаруй, төрийн болон төрийн бус байгууллагын 50 гаруй тогооч, зөөгч байна.

Сүхбаатар аймгийн хувьд сүүлийн жилүүдэд хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт тодорхой ахиц гарч, тогооч нар олон улс болон улс, бүсийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож, олон улсын уралдааны шагналт байр эзэлсэн хоёр, улсын аварга тогооч дөрөв, Монгол Улсын мастер тогооч нэг төрөн гарсан. Хоол үйлдвэрлэлийн салбарт одоо ч өөрсдийн хүч хөдөлмөрөө зориулан яваа ахмад тогооч нараа баг болгон тэмцээнд нь оролцох боломжийг олгосон. Үүнд ахмад тогооч нар маань үнэхээр баяртай байгаа гэдгийг аймгийн тогооч нарын холбооны тэргүүн Д.Баясгалан хэллээ.  

Харин Монголын тогооч нарын холбооны дэд ерөнхийлөгч Р.Батбаатар хэлэхдээ, зүүн бүсийн болон говийн аймгуудын хамтарсан тэмцээн анх удаа Сүхбаатар аймагт болж байна. Энэ хэдийгээр уралдаан тэмцээн боловч цаад утгаараа хоол үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг тодорхойлох, тогооч нар бие биенээсээ суралцах, арга туршлагаа хуваалцах өргөн ач холбогдолтой уулзалт гэж хэлж болно. Мөн энэ удаагийн тэмцээнд ирэх намар болох Чингис хааны цом олон улсын тэмцээний бэлтгэл ажлыг хангах хүрээнд болж буйгаараа онцлог гэдгийг мөн тодотголоо.

Сүхбаатар аймгийн хэмжээнд тус салбарт 400 гаруй хүн ажиллаж байна. 

Холбоотой мэдээ