Лондон дэлхийн санхүүгийн төв байхаа больжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-03-31 10:23:18

ЛОНДОН. /Financial Times/. Британийн нийслэл Лондон хот дэлхийн ажил хэргийн гол төв байхаа больж, өрсөлдөх чадвараараа эхний байрыг Нью-Йорктой хуваалцаж байна гэж  “Financial Times” сонин хотын захиргааны тайлангаас эш татан мэдээллээ.


Сонинд мэдээлж байгаагаар, хоёр хот хоёул өрсөлдөх чадвараар 60 оноо авчээ. Ингэхдээ Лондоны үзүүлэлт өнгөрсөн оныхтой харьцуулахад нэг пунктээр өссөн бол Нью-Йорк хотынх хоёр пунктээр дээшилж, Британийн нийслэлтэй эн зэрэгцсэн байна.  Харин Сингапур 51 оноогоор гуравдугаарт бичигджээ. 


Инновац, санхүүгийн үйл ажиллагааны цар хүрээ, тогтвортой байдал, бизнесийн дэд бүтэц, чадварлаг санхүүчдийг татах, түүнчлэн зохицуулалтын чиглэлээр Лондонгийн үзүүлэлт урьдын адил сайн хэвээр байна. Харин Нью-Йорк хотын хувьд технологийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ, хэлцэл хийсэн тоогоор болон тогтвортой санхүүгийн хэрэгсэл гаргасан үзүүлэлтээр өндөр оноо авчээ.


Хэдийгээр өнгөрсөн онд Нэгдсэн Вант Улсын санхүүгийн болон мэргэжлийн үйлчилгээний экспортын илүүдэл 64 тэрбум фунт стерлингт (78.8 тэрбум ам.доллар) болж, дээд үзүүлэлтэд хүрсэн боловч илүү олон компани, тэр дундаа Британийн компаниуд Лондонд бус Нью-Йоркт хөрөнгийн биржид шинээр бүртгүүлж хувьцаагаа гаргахыг (IPO) илүүд үзэх болжээ. Тухайлбал, Японы “SoftBank” холдингийн эзэмшигч, чипний хамгийн том үйлдвэрлэгч, Британийн “ARM” компани АНУ-д IPO хийх гэж байгаагаа гуравдугаар сарын эхээр зарласан байна.


Холбоотой мэдээ