Үнэт металл, үнэт чулуу болон тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-04-14 17:15:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Mongolian jewellеry and metal expo” үзэсгэлэн “Мишээл экспо” олон улсын худалдааны танхимд өнөөдөр нээгдлээ. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн салбарын оролцогчдыг идэвхжүүлэх, дэмжих, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой тус үзэсгэлэнг Санхүүгийн зохицуулах хороо, Соёлын яам, Монголбанк, Стандарт, хэмжил зүйн газар болон холбогдох бусад байгууллагаас хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм.


Энэ удаагийн үзэсгэлэнг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал хэлэхдээ, “Санхүүгийн зохицуулах хороо 2020 оноос санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид болох үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн салбарыг зохицуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг бүртгэлжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсны үр дүнд өнөөдрийн байдлаар 47 хуулийн этгээд, 465 иргэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа эрхэлж байна. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн салбар нь салбар дундын зохицуулалттай тул алсыг харсан, олон улсын жишиг, сайн туршлага, судалгаа шинжилгээнд тулгуурласан хөгжлийн бодлогыг тодорхойлж, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахад оролцогч байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа, арилжаа эрхлэгчдийн идэвх нэн чухал ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм.


Үзэсгэлэнгийн үеэр Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллага үнэт металл, үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд салбарын талаарх цаг үеийн холбогдох мэдээлэл, танилцуулга, сургалтыг зохион байгуулав.


Холбоотой мэдээ