ӨВӨРХАНГАЙ: Аюуш баатрын хөшөөг дэлхийн II дайны 30 жилийн ойд зориулан босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-04-17 18:21:28

Арвайхээр /МОНЦАМЭ/. Дэлхийн II дайны ялалтын 30 жилийн ойд зориулан БНМАУ-ын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн дурсгалын хөшөөг Арвайхээр хотын төвд 1968 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бүтээн босгожээ.


Хөшөөг уран барималч Б.Дашдэлэг бүтээсэн байна. Мөн 1985 онд дэлхийн II дайны ялалтын 40 жилийн ойгоор “Дайнд оролцогчдын дурсгалын самбар”-ыг Ц.Батчулууны эх зургаар байгуулсан түүхтэй.


Улмаар Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Л.Аюушийн хөшөөг гэрэлт болгож, орон нутгийн төсвөөр сэргээн засварлаж орчныг тохижуулсан юм. Гэрэлт хөшөөнд Л.Аюушийн намтар, баатарлаг гавьяаг Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнах тухай тогтоолын хамтаар сийлжээ. Түүнчлэн “Мөнхөд дуурсагдах баатрууд-ын хүндэт самбарыг босгож, Өвөрхангай аймгаас 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцон эх орныхоо төлөө эрэлхэг гавьяа байгуулсан дайчдын нэрсийг мөнхөлсөн байна.


Ташрамд дурдахад, Лувсанцэрэнгийн Аюуш нь 1922 онд Төгрөг суманд төрсөн бөгөөд Монгол ардын армийн байлдагчаар цэргийн алба хаан 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байжээ. Энэ үеэр Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг авч явахдаа  байлдааны галын дунд  дайчдаасаа тасран  дайсны голомт уруу орж, пулемётын галын цэгүүдийг устгасаар 11 удаа шархдан баатарлагаар амь үрэгдсэн юм. Түүнд 1945 оны 09 дүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цол хүртээжээ.

Холбоотой мэдээ