Монгол, Оросын худалдааны тэнцвэргүй байдлыг засах арга замыг хэлэлцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-27 13:06:41
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотод томилолтоор ажиллаж байгаа Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Ч.Хүрэлбаатар Оросын Холбооны Улсын Засгийн газрын орлогч дарга Алексей Логвинович Оверчуктай 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажил хэргийн уулзалт хийжээ. 


Уулзалтаар сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хоёр талын худалдаанд үүссэн Монголын талын алдагдлыг бууруулж, Монголын уламжлалт цөөн нэрийн бараа бүтээгдэхүүн, тухайлбал мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран эдлэл, арьс шир, арьсан бүтээгдэхүүнд ногдуулж ирсэн тарифын болон тарифын бус хязгаарлалтуудыг хөнгөвчлөх, цуцлах арга хэмжээ авч, сайн хөршийн найрсаг, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай Монгол Улсын экспортод Оросын зах зээлийг бүрэн утгаар нээж өгөх хүсэлтийг Шадар сайд Ч.Хүрэлбаатар тавьсан байна.


Оросын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук худалдааны тэнцвэргүй байдал бий болсныг Оросын тал хүлээн зөвшөөрч байгааг мэдэгдээд, Монголын талтай хамтран асуудлуудыг шийдэх арга замыг харилцан эрэлхийлж, энэ чиглэлээр яриа хэлэлцээг эрчимжүүлэхэд бэлэн байгааг нотолжээ.


Ч.Хүрэлбаатар, дэлхий дахин, цаг үе, гео эдийн засгийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж байгааг онцлоод, Монгол Улс, Оросын Холбооны Улсууд өөрчлөгдөн буй нөхцөлд нийцсэн шинэ уур амьсгалтай хамтын ажиллагаа хөгжүүлэх цаг болсныг нөхөрсгөөр сануулсан байна.


Мөн Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Оросын Холбооны Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Сангийн сайд А.Г.Силуановтай энэ оны 4 дүгээр сарын 25-ны өдөр уулзаж, ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх хүнсний улаан буудай болон хаврын тариалалтад амин чухал хэрэгцээтэй улаан буудайн үр, бордоо, нефть бүтээгдэхүүн, уул уурхайн үйлдвэрлэлд шаардлагатай тэслэх бодис зэрэг ачааны төлөвлөгдсөн тээвэрлэлт “Оросын төмөр замууд” НХН-ийн өртөөнүүд дээр гацаад хоёр сар шахам болж байгаа явдалд ОХУ-ын Засгийн газрын түвшинд анхаарлаа хандуулж, нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг мэдэгдэж, Засгийн газрын гишүүний хувьд дэмжлэг үзүүлэхийг хүсжээ. 


Сайд А.Г.Силуанов ОХУ-аас импортолж буй улаан буудайн үр, бордоо, тэслэх бодис, нефть бүтээгдэхүүний тээвэрлэлт гацсан асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх асуудлыг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.В.Мишустинд биечлэн танилцуулж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. 


Уулзалтын мөрөөр ОХУ-ын Сангийн яамтай тохиролцсоны дагуу тус улсын төмөр замын өртөөнүүд дээр гацсан ачааны талаарх нарийвчилсан мэдээлэл бүхий албан бичгийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшингээс сайд А.Г.Силуановт хүргүүлжээ.


Холбоотой мэдээ