Гаалийн ажилтны гэрээс үл хөдлөхийн гэрчилгээнүүд гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-05-01 14:27:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн байцаагчийн гэрээс их хэмжээний алт, 10 тэрбум төгрөг илэрсэн" гэх мэдээллийн дагуу Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамир өнөөдөр бодит байдлын талаар албан ёсны тайлбар, мэдээлэл өглөө.   

Тэрбээр хэлэхдээ, "Нэгд, нэр холбогдож буй хүн нь гаалийн Улсын байцаагч мөн боловч шуудан илгээмжийн гаалийн албанд ажилладаг, одоогоор хүүхдээ төрүүлээд сүүлийн 1.6 сарын хугацаанд гаалийн байгууллагад ажиллаагүй, Хөдөлмөрийн хуулийн дагуу чөлөө аваад хүүхдээ асарч байгаа С гэдэг ажилтан. Түүний гэрээс хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдаад буй их хэмжээний алт болон монгол төгрөг гараагүй. Энэ нь ташаа мэдээлэл" гэв.

Ажилтан С-ийн гэрт хууль, хяналтын байгууллагаас үзлэг шалгалт хийсэн нь үнэн гэдгийг тэрбээр нотлон хэлж, тухайн ажилтны гэрээс үл хөдлөхийн 10 орчим гэрчилгээ, 60 мянган орчим рубль гарсныг хууль хяналтын байгууллага хураан авч, хэргийг шалгаж байна. Энэ үл хөдлөх хөрөнгө болон валют ямар эх үүсвэрээр бий болсныг хууль хяналтынхан шалгаж байгааг мэдээллээ.


Тэрбээр цааш нь хэлэхдээ, "Гаалийн удирдах төв байгууллага бүтцээрээ дэргэдээ гаалийн 18 газартай. Түүний нэг нь Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар. Тухайн газар нь зөвхөн гадаад улсаас Монголд ирж буй болон дотоодоос гадаад улсуудад явуулж буй бичгийн болон биет гэсэн хоёр хэлбэрийн (захидал болон шуудан) илгээмжийг хянаж бүрдүүлэлт хийдэг.

С-ийн хувьд эрхэлдэг албан тушаал нь гаалийн нягтлан бодогч, улсын байцаагч. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын нягтлан бодогч нь тухайн улс хоорондын шуудан илгээмжийн санхүү, нягтлан бодох, бүртгэлийн тооцоог хийдэг чиг үүрэгтэй. Бусдаар шуудан илгээмжийн буюу гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагаанд огт оролцдоггүй. С-ийн хувьд сүүлийн 8 жил хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцоогүй ирсэн" гэв.

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар нэвтэрч буй захидал болон илгээмжээр их хэмжээний валютыг улсын хилээр, хууль бусаар нэвтрүүлэх ямар ч боломж байдаггүй, үүнийг гаалийн байгууллага гадна дотногүй өөрөө хянан илгээдэг гэдгийг тэрбээр эцэст нь тодотголоо. 

Холбоотой мэдээ