ДОРНОД: Шинээр тарьсан модны ургалт 78 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд 2022 оны хавар тарьсан модны ургалт 78 хувьтай байна гэж БОАЖГ-аас мэдээлэв.
Харин өнгөрсөн намар тарьсан модны ургалтыг тогтоох ажлын баг удахгүй аймгийн төв, бүх суманд ажиллана гэлээ. Шинээр тарьсан модны ургалт 75-аас дээш хувьтай байвал хэвийн гэж үздэг.
Энэ онд 700 мянган мод тарьж ургуулахаар төлөвлөсний 50 хувьд шилмүүст мод тарьж, ойн санг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Үлдсэн 350 мянган ширхгийг ногоон байгууламж, хамгааллын зурвас, агро аж ахуй, татмын ойн сан, бүх суманд 15-30 мянган ширхэг мод тарих зэргээр хуваарилжээ.
Дорнод аймаг 2021-2030 оны хооронд нийт 20 сая мод тарьж ургуулах төлөвлөгөөтэй бөгөөд аймгийн Засаг дарга сумдын удирдлагуудтай дээрх хугацаанд 40 сая мод тарьж ургуулах гэрээ байгуулан ажиллаж байна.