ӨВӨРХАНГАЙ: “Соёлын сэргэлт–2023” аян өнөөдөр Өвөрхангай аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-15 11:34:11

Арвайхээр /МОНЦАМЭ/. “Соёлын сэргэлт–2023” аян өнөөдөр Өвөрхангай аймагт эхэллээ. Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын баг Арвайхээр суманд ажиллаж, энэ өглөөг “Эртэч, оюунлаг Өвөрхангайнхан” үйл ажиллагаагаар эхлүүллээ.


Тус үйл ажиллагаанд соёл урлагийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид, иргэдийн төлөөлөл зэрэг 400 гаруй хүн оролцож, Ганданпунцоглин хийдийн хамба лам, хэл шинжлэлийн ухааны доктор Я.Ганзаяа “Өндөр гэгээний өв соёл” сэдэвт сургаал, номлолоо толилууллаа.


Мөн Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын багаас Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж болон соёл урлагийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Энэ үеэр аймгийн Засаг даргаас 8 асуудлаар санал хүсэлт тавьсан юм. Тухайлбал, шинээр барьж буй музейн үзүүллэг, дэглэлтэд шаардагдах санхүүжилтыг шийдвэрлэх өгөх, Музейн хуучин байр болон Төв номын сангийн байрыг засварлан соёл, урлагийн байгууллагуудад шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дэлхийн өв Төвхөн хийдийн засвар, хадгалалт хамгаалалтад анхаарал хандуулах чиглэлээр санал хүсэлтээ илэрхийллээ.


Тэрчлэн соёл, урлагийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, цалин урамшууллыг нэмэх шаардлагатай байгааг дурдсан бөгөөд Соёлын дэд сайдын зүгээс ч энэ асуудал чухал болохыг онцолж, эхний ээлжинд 5 хувийн нэмэгдэлд хамруулахаар болсон, цаашлаад бусад салбарын дундаж цалинтай дүйцэх хэмжээнд хүргэнэ гэв.


Түүнчлэн Өвөрхангайд шинээр барьж байгаа Музейг 2024 онд ашиглалтад оруулахад онцгой анхаарч ажиллана. Бусад байгууллагуудын хөрөнгө оруулалтын ажил эрэмбэ дараагаар шийдэгдээд явна гэлээ. 

Холбоотой мэдээ