НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-06 09:24:24

УИХ-ын таван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт “А” танхимд эхэлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ. Мөн Эдийн засгийн байнгын хороо 09.00 цагт “Б” танхимд хуралдаж, Эрчим хүч хэмнэлтийн тухай, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Үдээс хойш буюу 14.00 цагт Төсвийн байнгын хороо “А” танхимд хуралдаж, Байнгын хорооны даргыг чөлөөлж, томилох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.

Түүнчлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагт “Б” танхимд болж, Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай зэрэг 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд