Уул уурхайн биржтэй холбоотой журмуудыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2023-06-02 16:31:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ны өнөөдрийн ээлжит хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг батлав.


Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг энэ сарын 30-наас хэрэгжүүлж эхэлнэ. Үүнтэй холбогдуулж тус биржээр дамжуулан арилжихад арилжаа, төлбөр тооцооны бэлэн байдлыг хангуулж байна. Бирж болон брокерийн үйл ажиллагааг зохицуулах, үүсмэл санхүүгийн хэрэгслийг биржээр арилжих эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх зорилгоор:

  • “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн болон биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих”,
  • “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа төлбөр, тооцоо хийх ерөнхий журам”,
  • “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны болон ханшийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, мэдээллийг нийтэд хүргэх”,
  • “Үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргагч нарт тавих нөхцөл, шаардлага, шалгуур болон үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт, түүнийг арилжих журам”-ыг тус тус баталлаа.


Эдгээр журмыг баталснаар бирж болон брокерийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулах, арилжаанд зуучлах үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргах нөхцөл бүрдэж, арилжаа, төлбөр, тооцоо, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэгч талуудын үүрэг тодорхой болох юм. Мөн хариуцлагыг тодруулахын зэрэгцээ уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа олон улсын жишгийн дагуу шударга, ил тод, нээлттэй явагдах суурь эрх зүйн орчин бүрдэж буйг СЗХ-ноос мэдээллээ.


СЗХ-ны хуралдаанаар түүнчлэн УИХ-аас Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулж Сангийн сайд, СЗХ-ны даргын хамтарсан тушаалаар баталсан “Бизнесийн үнэлгээ хийх аргачлал”-ыг олон улсын жишигт нийцүүлэн “Бизнесийн үнэлгээ хийх журам” болон “Бизнесийн үнэлгээ хийх аргачлал” болгон шинэчилжээ. Уг журам, аргачлалыг хуралдаанаар танилцуулж, СЗХ-ны даргад хамтарсан тушаалаар батлах зөвшөөрлийг олголоо.

Холбоотой мэдээ