"Фүкүшима-1" АЦС-ын усыг асгах хоолойг далайн усаар дүүргэж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-06 11:49:24

ТОКИО. /NHK/. 2011 оны хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас осол гарч байсан "Фүкүшима-1" атомын цахилгаан станцын /АЦС/ цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах хоолойг далайн усаар дүүргэж эхэллээ гэж "Tokyo Electric Power" (TEPCO) компани мэдээлжээ.


Цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг уг хоолойд байгаа далайн устай хольж, улмаар далайн эргээс 1 км зайд байгаа хоолойн амаар далайд асгах юм. Холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг үлдсэн ажлыг зургадугаар сарын сүүлч гэхэд дуусгахаар төлөвлөж байна.


Японы Засгийн газар цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгахыг 2020 оны дөрөвдүгээр сард зөвшөөрсөн билээ. Уг станцын оператор компани болох “TEPCO” усыг цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн гэж мэдэгдэж байгаа боловч тритий агуулагдсан хэвээр байгаа аж. Далайд асгахаас өмнөх АЦС-ын усан дахь тритийн агууламж нь Олон улсын цацрагаас хамгаалах комисс болон Японы Засгийн газраас тогтоосон аюулгүй байдлын стандартын дөчний нэг хувь, ДЭМБ-ын тогтоосон ундны усны зөвшөөрөгдөх хэмжээний долоогийн нэг хувьтай тэнцэнэ гэж тус компани мэдэгджээ. 


Одоогийн байдлаар станцын нөөцлүүр ган саванд 1.25 сая гаруй тонн цэвэрлэсэн ус хуримтлагдаад байгаа бөгөөд энэ усын 30 жилийн хугацаанд үе шаттайгаар далайд асгахаар төлөвлөж байна. Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (“IAEA”) энэ үйл явцыг байнга хянах бөгөөд өнгөрсөн хугацаанд “IAEA”-ийн мэргэжилтнүүд станцыг хэд хэдэн удаа шалгажээ.

Холбоотой мэдээ