Нова Каховкагийн даланг сүйтгэснийг “экоцид” гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-06-06 14:56:44

КИЕВ. /CNN/. Украины Нова Каховка хот дахь усан цахилгаан станцын даланг сүйтгэсэн явдлыг “экоцид” (экологийн сүйрэлд хүргэх үйлдэл) гэж үзэж байгаагаа Украины өндөр албан тушаалтан мэдэгджээ.


“Херсон мужийн өмнөд хэсэг, Крымийн оршин суугчид ундны усгүй болж магадгүй нөхцөл байдал үүссэний, мөн зарим суурин газрууд, шим мандал сүйдэж болзошгүй байгаагийн хариуцлагыг оросууд хүлээх ёстой” гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак “Telegram” хуудсаараа мэдэгдсэн байна.   


“Энэ бол экоцид. Хүмүүсийн аюулгүй байдал өнөөдөр эн тэргүүний асуудал болоод байна. Бид дайсанд олон улсын түвшинд хариуцлага хүлээлгэх ёстой” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Нова Каховкад далан сүйдсэнтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийг яаралтай хуралдуулна гэж тус зөвлөлийн нарийн бичгийн дарга мэдээлсэн байна.


Үерийн аюул нүүрлэж болзошгүй бүсүүдээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хэдийнээ эхэлсэн талаар Украинаас Херсон мужийн цэргийн засаг захиргааны даргаар томилогдсон Александр Прокудин мөн мэдээлжээ.


Украины цэргийнхэн далан сүйдсэнд Оросыг буруутгаж байгаа бол Оросоос томилсон өндөр албан тушаалтан уг явдлыг “ноцтой террорист халдлага” гэж мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ