ГОВЬ-АЛТАЙ: Н.Хүдэрчулуун: Иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх асуудал чухал хэвээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-15 16:25:20

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулж буй “Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо” сургалт хэлэлцүүлэг зургаадугаар сарын 15-нд Говь-Алтай аймагт боллоо.


Нээлтийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Эрдэнэбат болон сургалт хэлэлцүүлэгт хамтран оролцогч Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, банк, үнэт цаас, даатгалын компаниуд, банк бус санхүүгийн байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, 400 гаруй иргэн, төрийн алба хаагч оролцсон юм. 


Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун сургалт, хэлэлцүүлгийг нээж: “Санхүүгийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх асуудал чухал хэвээр байна. Санхүүгийн зах зээл өргөжин тэлж, дэвшилтэт технологийн эрчимтэй хөгжил нэвтэрч, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл төрөлжин олширсоор байна.

Салбарын хурдацтай хөгжил болоод олон улсын шинэ стандарт, сайн туршлагын талаар иргэд, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх нь иргэдийн эдийн засгийн үр шим, өгөөжийг хүртэх боломжийг нэмэгдүүлэхээс гадна санхүүгийн салбарын хөгжил, дэвшлийг дагаад санхүүгийн эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх боловсрол олгох зорилгоор энэ удаагийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэдгийг онцоллоо. 


Сургалт, хэлэлцүүлгээр хөрөнгийн зах зээл, даатгал, мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль эрхзүйн орчин, зах зээлийн нөхцөл байдал, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, иргэд санхүүгийн залилан, луйвраас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хүргэж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөв. Үүний сацуу "ХААН банк" ХХК, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аас үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар мэдээлэл хүргэсэн юм. Мөн хамтран оролцогч байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, иргэдэд үнэт цаасны данс нээх, хэрхэн хувьцаа эзэмшигч болох талаар зөвлөгөө мэдээлэл хүргэв.

Холбоотой мэдээ