Худалдааны ханган нийлүүлэлтийг оновчтой болгоход хиймэл оюун ухааныг ашиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-06-28 14:43:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтаар “Ногоон, дижитал, хүртээмжтэй худалдаа” сэдвийн дор худалдааны шинэ чиг хандлага болж буй дижитал шилжилт, хиймэл оюун ухааныг худалдааны салбарт хэрэглэж буй туршлагыг танилцуулсан юм.


Энэ талаар чуулганы зочдын нэг, АНУ-ын Береклийн Их сургуулийн олон улсын компьютерийн шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Де Кайгаас тодруулав. 


-Хөгжингүй орнуудын жижиг, дунд үйлдвэрлэлд хиймэл оюун ухааныг ямар түвшинд, хэрхэн ашиглаж байна вэ? Хөгжиж буй орнуудад, ялангуяа далайд гарцгүй орнуудад хэрхэн ашиглах боломжтой вэ?

-Энэ бол маш өргөн хүрээг хамарсан сэдэв бүхий асуудал. Учир нь хиймэл оюун ухааны салбар их олон төрлөөр хөгжиж байна. Одоогийн байдлаар өгөгдлийн шинжилгээний салбарт илүү өргөн хүрээнд ашиглаж байгаа. Өгөгдөл дээр жишээ нь, хиймэл оюун ухааныг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт нэгдүгээрт, хэрэглэгчдийнхээ төрлийг тодорхойлж байна. Жишээ нь, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг ямар төрлийн хэрэглэгч хамгийн их сонирхож буйг гаргаж байна. Мөн худалдааны сурталчилгаа ямар төрлийн хэрэглэгчдэд хүрч байна гэдгийг тодорхойлж байгаа.


Хиймэл оюун ухааныг хэрэглэгчдийн төрлийг тодорхойлоход ашиглаж байна.



Хоёрдугаарт, ханган нийлүүлэлтийн сүлжээнд мөн ашиглаж байна. Жишээ нь, хэрэглэгч нартайгаа харилцан ярилцаж, худалдан авагчийн асуултад шууд хариулж, зөвлөгөө өгөн, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл өгдөг хиймэл оюун ухааны программ хангамжийг ашиглаж байна. Гуравдугаарт, материал бүтээхэд хэрэглэж байна. Гэх мэтээр хязгааргүй байдлаар ашиглах боломж гарч ирсэн.


Өмнө нь маркетингийн бүтээгдэхүүн гаргахад их цаг зав орж, зардал, ажиллгаа ихтэй байдаг байсан бол одоо тэдгээрийг орлон халж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар маш нарийн, оновчтой зураглалыг богино хугацаанд бүтээх боломжтой болсон. Арилжааны үйл ажиллагаан дээр хиймэл оюун ухааныг орчуулгын байдлаар мөн ашиглаж, ийм платформ дээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх боломжтой болно. Мөн худалдаан дээр ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээгээ оновчтой болгоход хиймэл оюун ухааныг ашиглаж байна.


-Хиймэл оюун ухааны цаашдын хөгжлийг хэрхэн харж байна?

-Энэ тал дээр маш өөдрөг үзэл бодолтой байгаа. Жишээ нь, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлд ханган нийлүүлэлтийг сүлжээг загварчилна. Энд өгөгдлүүдийг бүгдийг нь оруулаад тухайн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн сүлжээг хамгийн бага зардал, цаг хугацаа хэмнэсэн, хэрэгцээтэй байгаа нөөцийг хаанаас олж авч болох зэргийг оновчтой байдлаар гарган ирж байгаа. Энэ байдлыг “Алибаба” компани ашиглаж нийлүүлэлтийн сүлжээгээ сайжруулж байна. Хиймэл оюун ухаан хэрэгцээ, шаардлагын шийдлийг гарган өгөх хэмжээнд хүрч хөгжөөд байна гэв.

Холбоотой мэдээ