Б.Батцэцэг: Гадаад хэргийн эмэгтэй сайд нар дуу хоолойгоо нэгтгэвэл асар их хүч бий
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо дэлхийн улс орнуудын Гадаад хэргийн эмэгтэй сайд нар чуулж байна. Энэ уулзалт маргааш үргэлжлээд өндөрлөх юм. Уулзалтыг зохион байгуулахад ХБНГУ, БНФУ дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлгүүдэд дэлхийн бүх бүс нутгийн 15 улс, НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын төлөөлөгчид цахимаар болон биечлэн оролцлоо.
Сайд нарын уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.
-Дэлхийн олон улс орны Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын
уулзалтыг санаачилж, эх орондоо өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа танд баяр
хүргэе.
-Баярлалаа. НҮБ-ын гишүүн 193 орны 30 гаруй нь эмэгтэй Гадаад хэргийн сайдтай байдаг. Эмэгтэй сайд нар богино хугацааны албан бус уулзалтуудыг хийж байсан. Гэвч тэндээс шийдвэр гарах нь бага байдаг. Тийм учраас миний хувьд энэхүү уулзалтыг зохион байгуулах санаачилгыг дэвшүүлээд үүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан юм. Үүнийг Ерөнхийлөгч дэмжсэнээр энэ арга хэмжээ өнөөдөр манай улсад өндөр хэмжээнд зохион байгуулагдаж байна. Яг иймэрхүү төрлийн арга хэмжээ Азид, тэр дундаа Монгол Улсад болж байгаагүй. Дэлхийн улс орнуудын гадаад харилцаанд жинтэй хувь нэмэр оруулдаг олон зочид, сайд нар маш холоос их өндөр ач холбогдол өгч, хүрэлцэн ирж оролцож байгаа нь хурлын ач холбогдлыг өргөж өгч байна.
-Феминист гадаад бодлого хэмээх нэг шинэ ойлголт бий болсон.
Энэ агуулгыг өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгийн үеэр нэлээд хөндөж ярилцлаа. Мэдээж
аль нэгэн хүйсийн давамгай байдлыг эрхэмлэсэн ойлголт лав биш байх?
-Анх Швед Улсын Гадаад харилцааны сайд асан Марго Валлстром 2014 онд “Бодлого боловсруулах, шийдвэр гаргах бүх түвшинд хүйсийн төлөв байдлыг харгалзаж үзэх Засгийн газрын бодлого” гэсэн томьёоллоор феминист гадаад бодлогыг танилцуулсан байдаг юм. Одоо дэлхийн 20 гаруй орон феминист гадаад бодлого баримталж байгаа гэдгээ зарласан. Энэ нь гадаад харилцааныхаа салбарт хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах ойлголт. Түүнээс биш эмэгтэй юм уу, эрэгтэй нь илүү олон байх ёстой гэсэн ойлголт биш юм. Гадаад харилцааны салбарын онцлог гэж бас бий. Эрэгтэй, эсвэл эмэгтэй байхаасаа илүүтэй мэргэжлийн ур чадвар нь хамгийн чухал. Гадаад хэргийн бүх эмэгтэй сайд нартай гурван сарын турш холбоотой байж, хамтарч ажиллах хугацаанд олон зүйл дээр ихээхэн төстэй байдаг нь ажиглагдсан.
-Энэ уулзалтаар
дамжуулж манай улс гадаад бодлогоо олон улсад сурталчилж таниулж байна гэж
ойлгож бас болох юм?
-Эмэгтэй сайд нар чуулж байгаа нь нэг талаасаа манайд нэлээд том сурталчилгаа болж байгаа юм. Гадаадын олон сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн сайд нараа дагаж ирлээ. Дэлхийн улс орнуудад Монголыг таниулах нь нэг талын ач холбогдол нь. Мөн Гадаад хэргийн эмэгтэй сайд нар дэлхийн энх тайван аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон санаачилга гаргаж, гаргасан санаачилгуудыг дэмжиж, бие биенээсээ туршлага судалж, хамтарч нэгдээд, дуу хоолойгоо нэгтгэх юм бол асар том хүч байна гэдгийг эндээс харж болохоор байна.
Эмэгтэй сайд нарын зүгээс ч энэ арга хэмжээг тогтмолжуулахын зэрэгцээ эмэгтэй улстөрчид дипломат үйл ажиллагаанд ямар чухал үүрэгтэй вэ гэдгийг өөрсдөө үлгэрлэж харуулах хэрэгтэй гэж санал нэгдсэн. Эмэгтэй болон эрэгтэй дипломатуудын чадвар ялгах зүйлгүй адилхан байдаг гэдгийг илэрхийлэх, мөн залуу эмэгтэй дипломатуудад ч урам зориг өгөх арга хэмжээ гэж хэлж болох юм.
-Монгол Улсын
гадаад харилцаа, гадаад бодлого өөрийн гэсэн өвөрмөц онцлогийг шаарддаг
гэж хэлж болно. Гэвч сүүлийн үйед амаргүй хүнд байдалд ч гадаад бодлого
харьцангуй идэвхтэй байгаа гэж хэл болохоор байна. Энэ тал дээр Гадаад харилцааны
сайдын хувьд ямар дүгнэлт, байр суурийг илэрхийлэх вэ?
-Монгол Улсын хувьд
өөрийн нөхцөл байдалдаа тохируулах үүднээс чимээгүй байх боломжтой хэдий ч бүс
нутгийн аюулгүй байдал, энх тайвнаар зэрэгцэн орших, ялангуяа ардчиллыг маш
сайн хөгжүүлж байгаа гэдгээрээ бид дэлхийд үнэлэгдэж байна. Хүний эрхийг дээдэлж
байна. Эрх чөлөөтэй байна гэдэг нь өөрөө маш чухал учраас энэ мэт уулзалтуудыг
эх орондоо зохион байгуулах нь давхар давхар ач холбогдол тээж байгаа хэрэг.
Бид бүс нутгийн аюулгүй байдал, цаашлаад дэлхийн энх тайван аюулгүй байдлын
төлөө дуу хоолойгоо гаргаж байх ёстой. Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд ч, хоёр
их гүрний дунд оршдог газарзүйн өвөрмөц байдалтайн хувьд ч энх тайвныг сахиж, тэнцвэртэй
бодлого баримталж, гадаад харилцаагаа их тэнцвэртэй авч явж байгаа гэдгээ
харуулах нь чухал. Тийм ч учраас энэ арга хэмжээг буруу талаас шүүн хэлэлцэх
байдал гарахгүй байх. Гадаад харилцааны салбарын хувьд ковид болон дайны нөхцөл
байдалтай үед цөөхөн дипломаттайгаар их ажил гүйцэтгэж, хамгийн их ачаалалтай
ажилласан. Гадаад харилцаагаа илүү идэвхтэй болгохын тулд Монгол Улс хичээж
чармайж ажиллаж байгаагийн үр дүн нь тухай тухайн үедээ гарч байгаа учраас
биднийг сонирхож, бидэнтэй хамтарч ажиллах гэж олон улс зорьж ирж байна. Жилдээ 2-3
төрийн айлчлалыг хэрэгжүүлдэг байсан бол өнгөрсөн жил бид 10 орчим айлчлал
зохион байгуулсан. Энэ жил ч мөн манай гуравдагч хөршийн бодлогыг дэмждэг улс
орнууд эв санаагаа нэгтгэж, геополитикийн асуудлаас яаж гарах тал дээр нэгдмэл
ойлголттой болж чадаж байна гэж үзэж байна.
Монгол Улсын Гадаад харилцааны сайдын санаачилсан энэ арга хэмжээнд оролцогч төлөөлөгчид маргааш Чингис хааны музей үзэж сонирхохын зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаатай танилцаж, УИХ-ыг дарга Г.Занданшатартай уулзах юм.