СЭЛЭНГЭ: Монголын ард түмний түүх соёл, уламжлалт ёс заншил, арвин өвийн нэг нь нум сум

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-07-11 09:22:08

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол хүний ур ухаанаар бүтсэн, эвэр элэгтэй, шөрмөсөн артай нумыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд, удам дамжсан мэргэн харваачийн гэр бүл үйлдвэрлэж байна.


Энэхүү ур ухааны нууцыг эзэмшиж, үр хойчдоо уламжлуулан авч яваа хүн бол Монгол Улсын дархан мэргэн Ж.Сүхбаатар гуай. Тэрбээр Дулаанхаан тосгонд "Хөвчит нум" үйлдвэрийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эдүгээ хүү С.Болдбаатар, бэр М.Баярмаа нар нь үр хүүхдүүдийнхээ хамтаар өвлөн авч үргэлжлүүлсээр явна.


“Хөвчит нум” ХХК-ийг өвлөгч, найм дахь үеийн харваач С.Болдбаатар бол нум сум урлаач, өвлөн тээгч юм.

Монгол Улсад гарын арван хуруунд багтах нум сум урлаач байдаг бөгөөд улсын мэргэн Ж.Сүхбаатар, түүний хүү С.Болдбаатар, спортын мастер З.Баатар нар өнөөдөр Дулаанхаан тосгонд амьдарч байна.


Уламжлалт монгол нум сумыг мал, амьтны түүхий эд ашиглан гар аргаар хийдэг аж. Тодруулбал үхэр, янгирын эвэр, бод малын шөрмөс, хусны үйс, хулс ордог. Ингэж ан амьтны гаралтай түүхий эдээр хийдэг тул нум сум хувиралттай байдаг аж. Учир нь мал, амьтны гаралтай түүхий эдүүдийн физик чанар өөрчлөгддөг учраас монгол нум сумын онцлог шинж чанар үүнд оршдог. Нумын гурван бие буюу гол бүтцэд эвэр, хулс, бодын шөрмөс ордог байна.


Дэлхийн олон орны нум сумтай харьцуулбаас монгол нум шөрмөстэйгээрээ ялгардаг. Тийм ч учраас эвэр элэгтэй, шөрмөсөн артай нум гэж хэлдэг.


Нум сум харвахаас өмнө нумаа “эвшээлгэдэг” нь учиртай аж. Эвшээлгэнэ гэдэг нь нумынхаа хатуу, зөөлнийг нь тохируулж, чангаахыг хэлж байгаа бол энэхүү үйл нь шөрмөсний физик чанар алдагдахаас сэргийлдэг гэнэ.


Улсын мэргэн Ж.Сүхбаатар: "Сумны хүнд, нумын хатуу, зөөлөн, хүний бяр чадал тэнцэж байж харваач болдог" хэмээн хуучлав.  


"Манайх нум сум хийх түүхий эдээ дотоодоосоо, харин хулсаа БНХАУ-аас авдаг. Нэг нумд 12-13 төрлийн материал ордог, маш чимхлүүр, гар ажиллагаа ихтэй" хэмээн нум сум урлаач С.Болдбаатар ярив.


Түүхий эдээ бэлдэж, нум сум хийхэд 4-6 сарын хугацаа зарцуулна. Энэ нь нааж, зүйх гээд нарийн ажиллагаатай. Тухайлбал хулс, эвэр хоёрыг наагаад хатсаны дараа шөрмөсийг нь тавьдаг учраас наалт наанадаж дөрвөөс зургаан сар болж байж хатдаг гэх. Ер нь гүйцэд хатахад бүтэн нэг жилийн хугацаа зарцуулагдах нь ч бий.


Нумыг удаан хатаах тусам хамгийн сайн бат бэх болдог ажээ.


Үйлдвэрлэлийг голдуу сэрүүний улиралд явуулдаг. Учир нь бүх материал амьтны гаралтай, зун түүхий эдийн олдоц муугаас гадна хэт халуунд нум хатдаггүй. Эднийх шөрмөсөө гэхэд л мах бэлтгэлийн үеэр дотоодын мах үйлдвэрлэгч нараас худалдаж авдаг. Гэвч сүүлийн үед ченжүүд шөрмөсийг их хэмжээгээр авч, Япон руу гаргах болсон нь нум сум урлаачдын хувьд түүхий эдийн хомсдолд ороход нөлөөлжээ. Японд бодын шөрмөсийг боловсруулж, тансаг зэрэглэлийн хоол хийдэг байна. Янгирын эврийн олдоц ч гэсэн сүүлийн үед ховорджээ. Иймд янгиртай газрын харваачдаас эвэр авч, оронд нь нум сум авах маягаар солилцдог байна.


Нэг нум бэлдэхэд нэг кг орчим шөрмөс, янгирын хос эвэр, тас шувууны өд ордог гэв. Сумаа улиас, хус, бургас гэх мэт олон төрлийн модоор хийж болох ч эднийх голдуу улиасаар урлана. Эвэр, шөрмөсийг наахдаа малын арьс, турууны найрлагатай тусгай цавуу ашигладаг. Түүнчлэн нум сумны үйлдвэрлэлд хүний оролцоо их. Шөрмөс урах ажлыг л гэхэд нэгээс хоёр хүн хийдэг. Эврээ хөрөөдөх, халаах, тэгшлэх ажлыг мөн л хоёр хүн гүйцэтгэнэ. Энэ мэтээр дамжлага ихтэй, нарийн чимхлүүр ажилтай үйлээр нум сум бэлэн болдог байна.


Үйлдвэрлэх явц нарийн гэж хэлсний учир нь эвэр хэт элэгдэж, гэмтсэн, эсхүл буруу хөрөөдсөн бол дахиж хийхээс аргагүйд хүрдэг бөгөөд бодын шөрмөсийг урахад нэлээд эв дүй шаарддаг байна. Эвгүй татвал тасардаг тул эвийг нь олж урт уртаар нь таслах хэрэгтэй аж.


Ажлын оргил үеэр зургаан хүн ажиллах бөгөөд бусад үед түүхий эдээ боловсруулах зарим ажлыг гэрээр хийдэг байна. Орчин үед техник, технологи өндөр хөгжиж байгаа ч нум сум урлан бүтээх ажлын хамгийн багаар бодоход 70 хувь нь заавал гар аргаар бүтдэгээрээ онцлогтой ажээ.


Одоогийн байдлаар эднийх бүтээгдэхүүнээ 90 хувь гар аргаар хийж байна. Үнийн хувьд дөрвөн сумтай нумыг 400 мянгаар, хоромсого саадагтай гоёлын нум сумыг 600 мянган төгрөгөөр худалдан борлуулдаг. “Хөвчит нум” компани жилдээ 60-70 нумын захиалгыг аймаг, орон нутаг, жуулчны байгууллага, тэр ч байтугай хувь хүний захиалгаар хийдэг байна.


Монгол Улсын мэргэн Ж.Сүхбаатар: ”Эрийн гурван наадмын нэг болсон монгол үндэсний сур харваа нь Хүннүгийн үеэс үүсэлтэй. Ан ав хийж, хоол тэжээлээ бэлдэх, агнасан ангийн арьсаар дээл хувцсаа хийж өмсөх байдлаар үүссэн түүхтэй. Хүннүгийн үед Монголын урчууд нумаа эвэр элэгтэй, шөрмөсөн артай хийдэг болсон. Түүнчлэн сумаа өдтэй болгосноор нумын хүч чадал нэмэгдэж, сум нь өмнөхөөсөө хол явдаг болсон. Нум сум хөгжлийн гурван үеийг дамжсан байдаг. Эхний буюу хүй нэгдлийн үед ан хийдэг байж, дараа нь эх орноо батлан хамгаалах, эр цэргийн зэвсэг болсон. Харин хожим энх цагийн бүтээн байгуулалтын үед спортын хэрэгсэл болж иржээ.

Ингээд 1960 оноос өргөнөөр хөгжиж, эмэгтэйчүүд энэ үеэс л сур харваанд оролцдог болж ирсэн байдаг. Манайд халх, урианхай, буриад гэсэн гурван төрлийн харваа байдаг. Халх харвааг 75 метрээс, буриад, урианхай харвааг 40 метрээс харвадаг. Эдгээрийн нум нь адил, сумнууд нь харин өөр өөр байдаг” хэмээн ярилаа.




Улсын мэргэн Ж.Сүхбаатар Үндэсний өв соёл болсон уламжлалт нум сумаа авч үлдэхийг зорьж, 2002 онд хүү С.Болдбаатартайгаа хамтран хоёр жил хагасын хугацаанд үйлдвэрлэсэн, уртаараа 2.5 метр нум, 1.5 метр урт сум урлаж, үүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан, Төрийн ордонд хүндэтгэлтэйгээр залсан түүхтэй.


Тэрбээр энэхүү үйлээ Чингисийн үед нум сумаа шүтэж, төрийн цагаан сүлдний дэргэд тахидаг байсан ёс заншлаас санаачлан хийжээ. Ердийн нумын урт нь 2.3 метр, харин сум нь нэг метр байдаг байна.


“Хөвчит нум” ХХК бэлэг дурсгалын нум сумаас гадна том хүний, хүүхдийн, үхрийн ширэн хоромсого саадагтай нум сум, аварга хүннү эвэр нум сум, хүннү эвэр нум сум, ясан гичиртэй, сийлбэртэй нум сум урлаж байна. Хоромсого саадагтай нум сумыг үхрийн ширээр урладаг бөгөөд 5 сумтай аж. Мөн сум, товх, хайгуул, хөвч зэрэг дагалдах хэрэгслийг бас хийж байна. 


Ж.Сүхбаатар гуайн бэр, С.Болдбаатарын хань М.Баярмаа гэж сэргэлэн, ажилсаг, авхаалжтай бүсгүй бий. Тэрбээр мөн хадам аавынхаа хийж байгаа энэ сайхан үйлсэд хамтран зүтгэж, эрийн гурван наадмын нэг болсон сур харваа, уламжлалт нум сумны талаар соёлын биет өвийг тээгч нэгэн.


С.Болдбаатар, М.Баярмаа хоёр хүүхдүүддээ бас сур харвах, нум хийх аргыг өвлүүлж, зааж өгч, гэр бүлээрээ энэхүү өв соёлыг тээж, үр хойчдоо сурталчилж түгээн дэлгэрүүлж яваа өв тээгч гэр бүл.


Баярмаа ярихдаа: ”Нум сумыг дан ганц эрийн гурван наадмын нэгэн төрөл хэмээн үзэх нь өрөөсгөл ойлголт гэж би боддог. Учир нь нум сум бол айл гэрт байвал муу зүйлээс урьдчилан сэргийлдэг, хэл ам, хэрүүл тэмцлээс хол байлгах нэг ёсны дом болохын зэрэгцээ хүндтэй зочиндоо зориулан барьдаг өвөрмөц бэлгийн нэг.


Чингис хааны үед бүү хэл түүнээс өмнө саадаг нумыг хэрэглэж ирсэн үүх түүх бидэнд бий учир айл гэр болгон хоймроо залж, хүүтэй айл дом болгон хүүдээ бэлдэж, охинтой айл хүүтэй болохыг бэлгэдэн охиндоо бэлэглэж байсан.

Гэвч нэг хэсэг энэ ёс алдагдаж, зөвхөн эрийн гурван наадмын нэг төрөл хэмээн тооцдог болжээ” хэмээн ярьсан юм.


Эрт дээр цагт эвэр нумаар 335 алд газар харваж байсан түүхтэй бөгөөд тус компанийн хийсэн нум 150-200 метр зайд тусдаг аж. Монголын ард түмний түүх соёлын нэг, уламжлалт ёс заншил, арвин өвийн нэг бол яах аргагүй нум сум билээ.

Холбоотой мэдээ