БАЯНХОНГОР: Гэрлэх ёслолын ордон үүдээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-07-17 13:09:07

Баянхонгор /МОНЦАМЭ/. Нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлд зориулсан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх Гэрлэх ёслолын ордон Баянхонгор хотноо үүдээ нээлээ.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг буюу "Алсын хараа 2050", Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Баянхонгор аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2024 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт "Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлж, хүн амын тогтвортой өсөлтийг дэмжиж, идэвхтэй бүтээлч иргэн, гэр бүлийг төлөвшүүлнэ" гэсэн зорилтын хүрээнд цогц ажил өрнөж байгаагийн нэг нь тус бүтээн байгуулалт болж байна.


Аймгийн хэмжээнд гэрлэлт 2020 онд 352, 2021 онд 501, 2022 онд 341 байсан бол гэр бүл цуцлалт 2020 онд 64, 2021 онд 71, 2022 онд 68 бүртгэгджээ.


Тус ордон гэр бүл батлах үйл ажиллагаанаас гадна гэр бүлийн үнэ цэнийн чиглэлээр сургалт сурталчилгааны ажлуудыг хийх Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвийг мөн ажиллуулах аж.


Гэрлэх ёслолын ордныг орон нутгийн төсвийн 1.9 тэрбумын санхүүжилтээр "Рок пэйнт групп" ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд 1400 м.кв талбайтай хоёр давхар, шилэн пасад бүхий гурван том танхим, зоогийн газар, оффисын долоон өрөөний шийдэлтэй.


Орон нутаг өөрөө санаачлан, зардлаа шийдвэрлэн байгуулсан Гэрлэх ёслолын ордонд анхны, алтан, мөнгөн зэрэг есөн эрдэнийн хуримыг гэрчлэх үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд ёслолт өдрөөс нэг сарын өмнө захиалга хүлээн авах зохицуулалттай.





Холбоотой мэдээ