СҮХБААТАР: Алтан Овоог тахиж эхэлсэн түүхэн уламжлалаас

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-07-21 13:52:05

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Богд хааны зарлигаар 1913 оны намрын дунд сарын 12, бичин өдрийн луу цагт овооны тахилгыг анх хийхдээ Засгийн газрын ерөнхийлөн захирах яамны төлөөлөгч, дэс түшмэл, хонин сүргийн дарга Доржийн Магсаржав Богд хааны зарлигийг уншиж сонсгон, овоонд сумыг өргөн залж, хүж торгыг шатааж тэнгэрт илгээн, залагдаж ирсэн Орлой мэргэн хутагт Овоон сүмийн лам нарын хамтаар тахилгын ном уншсан байна.


Дарьгангынхан үе удмаараа олон зууны турш шүтэж ирсэн ДТД 1354 метр өндөрт орших унтарсан галт уулыг эрт цагт Захын хар өндөр гэж нэрлэдэг байжээ. Харин 17 дугаар зуунаас Хааны зарлигаар тайж тахиж Дарь Овоо, Алтан Овоо, Богд Алтан Дарь Овоо хэмээн нэрлэж иржээ.


1990-ээд оны дундуур Алтан дарь овоог анх тайж тахих үед оройд нь алтан ганжиртай гэр хэлбэртэй Батцагаан хэмээх дугуй цагаан суварга барьсан нь хаа холоос шижиртэн туяарч харагддаг болсноос Алтан дарь овоо гэх болжээ. Батцагаан нь гэр хэлбэртэй шаталсан гурван давхар бөгөөд нийтдээ таван метр өндөр, түүний дээр модон иш дээр уран нарийн хийцтэй алтан шаргал өнгөтэй ганжир байрлуулсан байдаг.


Алтан дарь овоо нь өөрийн ариун сан, тахилгатай хүндэтгэл, магтаалын ном судартай, уул усаараа нэрлэсэн өвөрмөц ур хийцтэй эзэд бурхдын хөрөг дүртэй, шүтэх бишрэх, хайрлаж хамгаалах уламжлалт нарийн дэг журамтай, тогтсон зарлиг шийдвэрээр тайж тахидаг монголын төрийн хамгаалалт тахилгатай уулын нэг юм. Алтан овоог тахиж байсан он цагийг харвал:

1990 оны их тахилга /Батцагааныг сэргээн босгосон нь/

1994 оны их тахилга

1999 оны их тахилга

2004 оны төрийн тахилга

2008 оны төрийн тахилга

2012 оны төрийн тахилга

2013 оны Богд хааны зарлигаар тахисны 100 жилийн ой

2018 оны төрийн тахилга хэмээн хийж байснаас үзвэл Алтан овоо нь 2004 оноос төрийн тахилгат болжээ.


Өдгөө 2023 оны 8 дугаар сарын 5, 6-нд Богд хааны зарлигаар тахисны 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Алтан овооны их тахилгын үеэр эрийн гурван наадмыг бэсрэг хэлбэрээр хийдэг уламжлал тогтжээ.

 

Холбоотой мэдээ