ТӨВ: Дархан аварга Жигжидийн Мөнхбатын хөшөөг Эрдэнэсант суманд босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-07-21 16:39:24

Эрдэнэсант /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрдэнэсант сум түүхт 100 жилийн ойн баяраа өнөөдөр тэмдэглэж байна. 


Энэхүү түүхэн үйл явдалд зориулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын дурсгалд зориулж гэрэлт хөшөөг босгож, өнөөдөр нээлээ.  


Уг хөшөөг хань ижил, үр хүүхдүүд, ах дүүс, шавь нар, сум орон нутгийн удирдлагуудын оролцоотойгоор 100 жилийн ойгоо тэмдэглэж буй Эрдэнэсант сумын ЕБС-ийн өмнө босголоо.


Ж. Мөнхбат нь 1941 оны могой жилийн 6 дугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд Хадан хошуу гэдэг газар эцэг Чанцал, эх Хажид нарын 12 хүүхдийн 10 дахь хүү болон төржээ.


Тэрээр 1960 онд улсын заан, 1963 онд улсын арслан, 1964, 1965 онд Ч.Бээжин аварга, Х.Баянмөнх аварга нарыг арслан, заан цолтой байхад нь даван түрүүлж, улсын аварга цол хүртэж байсан, улсын баяр наадамд зургаан удаа түрүүлсэн юм. Мөн Цагаан сарын барилдаанд нийтдээ 6 удаа түрүүлжээ.


Ж.Мөнхбат улсын баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч байсан бөгөөд хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа 6 даван шөвгөрсөн амжилттай Даяар Монгол түмний хайр, бахархлыг төрүүлсэн агуу аварга байсан билээ. 

Холбоотой мэдээ