Дэлхийн хамгийн том радио дуран авай 800 гаруй лугшуур од илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-07-26 16:32:44

ГҮЙЯН. /Xinhua/. Дэлхийн хамгийн том гэгдэж буй, Хятадын FAST (The Five Hundred Meter Aperture Spherical Telescope) радио дуран авай 2016 онд ашиглалтад орсноосоо хойш 800 гаруй лугшуур одыг /пульсар/ шинээр илрүүлжээ.


FAST-ийн илрүүлсэн шинэ лугшуур одны тоо энэ хугацаанд гадаадын дурангуудаар илрүүлсэн одны тооноос гурав дахин их байгааг уг дуран авайн ерөнхий инженер Жян Пэн онцоллоо. 


Лугшуур буюу маш хурдтай эргэлддэг нейтрон од нь супернова гэх хүчтэй дэлбэрэлтийн улмаас мөхөж буй асар том оддын цөмөөс үүсдэг. 


Ийм одыг ажиглах нь FAST-ийн хувьд ажиглалтынх нь мэдээллийг таталцлын цацраг, хар нүх байгааг батлахад, мөн физикийн бусад олон чухал асуултын хариултыг олоход ашиглаж болох чухал даалгавар юм. 


Сүүлийн жилүүдэд FAST нь радио тэсрэлт, ионжоогүй атомын устөрөгчийн хий, лугшуур оддыг судлахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан бөгөөд энэ нь хүн төрөлхтөнд Орчлон ертөнцийн бүтцийг ойлгох боломжийг ихээхэн өргөжүүлжээ.


Энэ жил уг дуран авай хос одны системтэй пульсаруудын хувьд нэг одоо тойрон эргэх хамгийн богино буюу 53 минутын хугацаатай хос лугшуур одоос гадна, наногерцийн таталцлын долгион оршин байгааг нотлох гол нотолгоог олж илрүүлсэн байна.  


“Хурмастын мэлмий” хэмээн нэрлэдэг энэхүү дуран авайн голч нь 500 метр бөгөөд үүнээс өмнө дэлхийн хамгийн том гэж тооцогддог байсан Пуэрто-Рикогийн дуран авайн диаметр нь 305 метр юм.


Холбоотой мэдээ