АРХАНГАЙ: Соёлын наадамд 300 гаруй өвлөн уламжлагч оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-07-26 22:56:19

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Монгол Улсын ууган аймаг Архангай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярт зориулсан Соёлын наадмыг АРА комплекс-Соёлын хүрээнд зохион байгуулж байна.


Энэхүү наадамд тус аймгийн 19 сумын 300 гаруй өвлөн уламжлагч, өв тээгч, ардын авьяастан оролцож буй юм.


Архангай аймгийн Соёл урлагийн газрын дарга П.Уранцэцэг хэлэхдээ, “Манай Архангай аймаг ардын авьяастан, урлаг соёлын авьяастнуудын өлгий нутаг. Наадамд бэлтгэж байхдаа соёлын салбар, дүрслэх урлаг, уран бүтээлийн чиглэлийн маш олон уран бүтээлчээрээ бахархаж байлаа. Манай аймгийн хувьд энэ жил гурван хүнийг Соёлын элчээр тодруулсан. Соён гэгээрүүлэх чиглэлээр СГЗ, зохиолч, яруу найрагч Г.Жамц, урлаг, уран бүтээлийн чиглэлээр МУГЖ, уртын дуучин Г.Энхбаатар, дүрслэх урлагийн салбарт зураач Д.Батнасанг тодруулсан. Мөн манай аймагт ардын өвлөн уламжлагчид олон бий. Архангай аймгийн Хашаат болон Өндөр-Улаан сумаас нуман хуур эртний хэв маягаараа олдсон. Өнгөрсөн жил “Нүүдэлчин” наадамд Хотон сумаас нуман хуур тоглодог хүү оролцож, хуураа тоглож үзэгчдийг хөгжөөсөн. Мөн Зая бандид гэгээнээс шанаган хуур хөгжим өвлөгдөн үлдсэн нь бий” гэв. 


Энэ үеэр Архангай аймгийн 19 сумаас ирсэн авьяаслаг хүүхдүүд, уран бүтээлчид тоглолтоо хүрэлцэн ирсэн наадамчдад толилууллаа.

Соёлын наадам хоёр өдөр үргэлжилнэ.










Холбоотой мэдээ