Бясалгал дияаны зан үйлийн нэг Хүрээ цамын ёслол боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүрээ цамын ёслол Зүүн
хүрээ Дашчойлин хийдэд өнөөдөр боллоо. Бурхан шашны зан үйлийн уламжлалт соёлын
нэг цамын ёслолыг Зүүн хүрээ Дашчойлин хийд, “Бодь мөрийн жим” ТББ-аас хамтран
зохион байгууллаа.
Цам нь бурхан шашны их,
бага арван ухааны ай савд багтдаг, тойрон бүжих ухаан буюу нууц тарнийн
бясалгал дияаны зан үйлийн нэг аж. Цам үзсэн хүний сэтгэл ариусаж, ирээдүй
хойчдоо гэгээрэлд хүрэн, бурхан бодьсадва нарын гэгээн дүртэй учрахын ерөөлийн
дээд болдог хэмээн үздэг байна.
Тодруулбал, сүжиг бишрэлээ чандалж, ариусгал, бясалгалаа эрхэмлэн, эргэл, мөргөл, бодрол залбиралаа хичээвэл нутаг оронд ган, зуд, гамшиг хөнөөийг арилган, амар амгалан, өлзий хутаг бүрдэх, тус эрдэм нь цаглашгүй тул сайн ерөөлөө тавьж хүрээ цамаа таалан үздэг заншил өдгөө уламжлагдан иржээ.
Гэрэл зургийг Б.Чадраабал