Үнэт цаасаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр төсөл, хөтөлбөр санхүүжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-07-31 14:28:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн үнэт цаас гаргахтай холбогдуулан 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах, мөн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар НЗДТГ-ын дарга И.Баатархүү НЗД-ын зөвлөлийн хурлын үеэр танилцуулав.


Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэсэн бий. Энэ дагуу НЗД-ын захирамжаар байгуулсан ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын хурлаар Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулаад байгаа. Үнэт цаас гарган татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг сургууль, цэцэрлэгийн хүртээмж, инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто зам, замын байгууламжийн сүлжээг нэмэх, агаарын бохирдлыг бууруулах, “Сэлбэ сэргэлт” төслийн бүтээн байгуулалтын зардлыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.


Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө ярихдаа, “Үнэт цаас арилжаалж татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг төсөвт тусгах, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэх, , хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах зэрэг шаардлага хангасан төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Нийслэлд ирэх хичээлийн жилд 47 сургууль гурван ээлжээр хичээллэх төлөвтэй. Иймд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмнэ. Мөн энэ сарын эхээр үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан гамшгаас сэргийлэх бүтээн байгуулалт чухал хэмээсэн юм.


Зөвлөлийн хурлаар энэ оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулахыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болсныг нийслэлийн ЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ