WSJ: Монгол Улс АНУ-тай ойр дотно харилцаатай байхыг эрмэлзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙБЭЭЖИН. /WSJ/. Ногоон эрчим хүчний үйлдвэрлэлд шаардлагатай ашигт малтмалын асуудлаар Вашингтон, Бээжин хоёрын өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед хүн амын сийрэг суурьшилтай, хоёр их гүрний дунд оршдог Монгол Улс өөрийгөө АНУ-ын Ази тив дэх ардчилсан, байгалийн баялгаар арвин түнш гэж үзэж байна.
Энэ бол хүчирхэг
хөршүүд болох Орос, Хятадтай сөргөлдөлгүйгээр эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд өрнөдийн орнуудтай ойртохыг хичээж байгаа
Монгол Улсын Ерөнхий сайдын энэ долоо хоногт Вашингтонд хийх айлчлалын гол зорилго юм.
Лхагва гарагт эхлэх энэхүү айлчлалын үеэр Л.Оюун-Эрдэнэ дэд
ерөнхийлөгч Камала Харрис, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нартай
уулзана. Тэрбээр мөн Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв
(NASA) зочлох аж.
Монгол Улсын ашигт малтмалын арвин нөөц, газар зүйн өвөрмөц
байршил зэрэг нь дэлхийн нийтийн анхаарлыг улам бүр
татаж байна. Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсад айлчлах үеэр нь Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой, зургаадугаар сард өөрөө Бээжинд зочилж БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан Л.Оюун-Эрдэнийн
томоохон уулзалтуудын дараагийнх нь Вашингтонд хийж буй
энэхүү айлчлал юм.
Монгол Улс нь
олон жилийн турш ЗХУ-тай нягт харилцаатай коммунист улс байсан билээ. 1990 онд ардчилалд шилжсэнээсээ хойш Орос, Хятад
хоёртой сайн хөршийн харилцаагаа хадгалж, цахилгаан эрчим
хүч, шатахуун болон бусад олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг хоёр хөршөөсөө импортолдог. Монголын уул уурхайн олборлолтын дийлэнхийг, тэр дундаа зэсийн
хүдэр, нүүрсний ихээхэн хэсгийг Хятадын зах зээлд борлуулдаг.
Бээжин, Вашингтоны хооронд харилцаа хурцадсан энэ үед АНУ-д тал засах нь Монголын хувьд эрсдэлтэй юм. Хятад улс далайд гарцгүй жижиг хөршийнхөө зарим “тоомжиргүй” үйлдлийг зүгээр өнгөрөөхгүй гэдгээ өмнө нь харуулж байлаа. Тухайлбал, Хятадын салан тусгаарлагч гэж үздэг Төвөдийн шашны тэргүүн Далай лам 2016 онд Монголд айлчилсны дараа Бээжин Монголын уул уурхайн
бүтээгдэхүүний хураамжийг нэмж, хилийн гол боомт дээр бөөгнөрөл
үүсгэж байв.
Ногоон эрчим хүчний үйлдвэрлэлд ашигладаг түүхий эдийн зах зээлд Хятад улс ноёрхож байгаа нь Вашингтоны сэтгэлийг түгшээж байгаа. Цахилгаан автомашины цэнэг хураагуур, нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлд ашигладаг зэс зэрэг ашигт малтмалын хомсдол үүсэх эрсдэлтэй энэ үе нь Монгол Улс АНУ-тай харилцаагаа сайжруулахад тус дөхөм үзүүлж байна.
Өнгөрсөн долоодугаар
сард Монголын уурхайнуудаар зочилсныхоо дараа Стратегийн болон олон улсын
судалгааны төвөөс зохион байгуулсан арга хэмжээний үеэр “Дэлхийн эрчим хүчний
шилжилт үргэлжилж байгаа хэдий ч эрсдэлтэй нөхцөл байдалд байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч дарга Хосе В.Фернандес хэлсэн юм.
Монголын Засгийн
газар ийм төрлийн ашигт малтмалын хэдэн арван сая тонн нөөцтэй гэж мэдэгдэж
байгаа ч дэд бүтцийн хомсдол, авлига зэрэг асуудал гадаадын хөрөнгө оруулалтыг “үргээж”
байна. Өнгөрсөн зургаадугаар сард Төрийн департамент Монгол Улсын Засгийн
газартай тус улсын эрдэс баялгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахад туслах
гэрээ байгуулжээ.
Дараагийн алхам бол эх орныхоо ашигт малтмалын нөөцийг гадаадын компаниудтай хамтран судлах явдал юм гэж Л.Оюун-Эрдэнэ
ярилаа. Тэрбээр тус улсын одоогоор мэдэгдэж байгаа нөөцийн талаарх мэдээлэлд
гадаадын компаниуд итгэхгүй
байж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа аж.
"Бид хөрөнгө оруулагч нартаа, ялангуяа АНУ болон өрнөдийн түншүүддээ илүү нээлттэй, ил тод байна" гээд тэрбээр “SpaceX” компанийн
үүсгэн байгуулагч Илон Масктай тус улсад хөрөнгө оруулах боломжийн талаар
ярилцсан тухайгаа нэмж хэлэв.
Монгол Улс өнгөрсөн долоодугаар сард “SpaceX” компанийн “Starlink” хиймэл дагуулын интернет үйлчилгээг ашиглахыг зөвшөөрсөн. Ангараг гараг руу хүн илгээхээр эртнээс мөрөөддөг И.Масктай Монголын говь болон Ангараг гаргийн орчин ижил төстэй байдаг болохоор уг нислэгт бэлтгэх сургалтын төвийг Монголд байгуулах талаар саяхан ярилцсан гэж Ерөнхий сайд хэллээ. Харин энэ талаар тайлбар авах тус сонины хүсэлтэд “SpaceX” компани хариу өгсөнгүй.
Геополитикийн хувьд Монгол Улс Украины дайн үргэлжилж байгаа энэ үед нэг талаас АНУ болон түүний холбоотнууд, нөгөө талаас Хятад, Оросын хооронд болгоомжтой хандаж буй орнуудын тоонд ордог. Монгол Улс ОХУ-ын түрэмгийллийг буруушаасан НҮБ-ын тогтоолд түдгэлзсэн санал өгсөн юм.
Талууд гал
зогсоож, яриа хэлэлцээг аль
болох хурдан эхлүүлэх хэрэгтэй гэж Ерөнхий
сайд үзэж байгаа боловч Засгийн газрынх нь
үйл ажиллагаанаас болж Оросын ард түмнийг буруутгах ёсгүй гэлээ.
"Энэ хурцадмал байдалд бид гүнээ санаа зовж байна. Учир нь
энэ нөхцөл байдлын сорилт, үр
дагавар нь зөвхөн геополитикоос
гадна эдийн засагт нөлөөтэй"
гэв.
Ерөнхий сайдын Вашингтонд хийх айлчлал нь “Covid-19”-ын дараа Монгол Улсын эдийн засаг сэргэж
байгаа үед тохиож байна. Хятад улс цар
тахлын үеэр хилээ хааснаас болж тус улсын
2021 оны эдийн засгийн өсөлт ердөө
1.6 хувьтай байсан юм. Хил
дахин нээгдсэнээр эдийн засаг 2023 онд ойролцоогоор 5.2 хувиар өсөх төлөвтэй байна гэж дөрөвдүгээр сард
Дэлхийн банкны гаргасан тайланд дурджээ.
“Бид Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банктай олон зуун сая долларын шинэ зээлийн талаар энэ жил ярилцсан. Уг хөрөнгийг дэд бүтцийн төслүүдэд зарцуулахаар төлөвлөж байна” гэж Монгол Улсын Сангийн сайд Болдын Жавхлан хэллээ.