Замын-Үүд-Эрээн төмөр замын зорчигч тээврийг наймдугаар сарын 25-наас нээхээр болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам, Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Бээжин дэх Элчин сайдын яамнаас БНХАУ-д удаа дараа хүсэлт тавьсны дүнд Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын зорчигч тээврийг сэргээхээр болжээ.
Энэ хүрээнд БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын Намын хорооны гишүүн, Үндэсний Боомтын захиргааны дарга Жао Зөнляантай өчигдөр яриа хэлэлцээ хийж, БНХАУ-ын талаас наймдугаар сарын 25-наас эхлэн галт тэрэгний Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд-чиглэлийн зорчих хөдөлгөөнийг нээх шийдвэрийг эцэслэн гаргасан байна.
Замын-Үүд-Эрээний боомт нь хоёр улс хоорондын төмөр зам, авто зам, зорчигч тээврийн үндсэн боомт төдийгүй худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой ч Ковид-19 цар тахлаас үүдэлтэйгээр галт тэрэгний чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хятадын талаас 2020 оны хоёрдугаар сарын 18-наас эхлэн хаагаад байсан юм.
Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн галт тэрэгний чиглэлийн зорчигч тээвэр өмнөх хуваарийн дагуу ажиллах ажээ.