Ардчиллын VII чуулган: Монголын ардчиллыг бэхжүүлэх шаардлагатай байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-26 17:01:50
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол дахь Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгчийн газрын 30 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойн хүрээнд тус сангаас өчигдөр Ардчиллын VII чуулганыг "Монголын ардчилал: Өчигдөр&Өнөөдөр" сэдвийн хүрээнд зохион байгууллаа.


Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Конрад-Аденауэр сан нь Монголын ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тухайлбал, Тогтвортой ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Мөн иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, улс төрийн намуудыг төлөвшүүлэх чиглэлд тасралтгүй хөрөнгө оруулалт хийж байна. Энэ утгаараа Конрад-Аденауэр сан Монголын ардчиллын найдвартай түнш байж ирсэн хэмээн онцоллоо.


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын 30 жилийн ойд зориулан ирүүлсэн мэндчилгээг Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр уншиж танилцууллаа.


Конрад-Аденауэр сангийн Европ, Олон улсын хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн орнууд хариуцсан хэлтсийн дарга Кристиан Эхле, "Конрад-Аденауэр сан Монголын ардчиллыг өсгөж, хүмүүжүүлэхэд дэргэд байсан" гэдэг үгийг би Улаанбаатарт ирээд сонссон юм. Энэ бол суурин төлөөлөгчийн газрын маань 30 жилийн турш хийсэн ажлын үнэлгээ гэж ойлгож байна. Биднийг 30 жилийн тэртээ Монголд ирэхэд Монголд дөнгөж ардчилал эхэлж байлаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс туйлын эергээр хөгжсөн. Конрад-Аденауэр сан Монголын ардчиллын дэмжих даалгавраа амжилттай гүйцэтгэж байна. Цаашид Монголын ардчиллын мод улам том болж ургана гэж найдаж байна хэмээв.


"Дэлхийн өөр ямар ч улсад Конрад-Аденауэр санг Монгол шиг ийм гүн нүнзгий, найрсагаар хүлээж аваагүй. Бид хамтдаа ардчиллын замаар 30 жил замнаж, их түншлэл, өндөр амжилтыг бүтээлээ. Өнөөдөр Монгол Улс, ХБНГУ нээлттэй, олон талт хамтын ажиллагааг өрнүүлж байна. Үүнд бидний түншлэлийн хувь нэмэр тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж үзэж байна. Ардчилал биднийг нэгтгэж байгаа" гэж Монгол дахь Конрад-Аденауэр сангийн Суурин төлөөлөгч Виктор Франк хэллээ.


Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Н.Алтанхуяг нар "Монголын ардчилал: Өчигдөр, өнөөдөр" сэдвийн хүрээнд илтгэл тавилаа. Өнгөрсөн 30 жилд Монголд МАН, АН гэсэн хоёр нам л засгийн эрхийг ээлжлэн барьж ирсэн. С.Баяр, Н.Алтанхуяг нар бол хоёулаа Ерөнхий сайд, бас хоёр том намыг удирдаж явсан хүмүүс гэдэг утгаар нь тэднийг ийнхүү сонгож илтгэл тавихыг урьжээ.


Ерөнхий сайд асан С.Баяр, 1993 онд Конрад-Аденауэр сан Монголд төлөөлөгчийн газраа нээхэд Монгол Улс ардчилсан үндсэн хуулиа батлаад дөнгөж нэг жил болж байлаа. Тэр үед Монголын хүн ам 2.2 сая байсан бол өнөөдөр 3.5 сая болоод байна. Тэр үед Монгол Улсын 1 хүнд ногтох ДНБ 365 ам.доллар байсан бол өнөөдөр 5033 ам.доллартай тэнцдэг болжээ. Хэдийгээр авлига хээл хахууль, шударга бус явдал газар авч, хууль шүүхийн тогтолцоо гажуудсан зэрэг муу муухай жишээ олон байгаа ч өнгөрсөн 30 жил Монгол Улс хөгжиж дэвжсэн нь бодит үнэн. Үүнд Конрад-Аденауэр сан тодорхой хувь нэмэр оруулсан, бидэнд их тусалсан. Монгол Улс бол ардчилсан реформыг маш богино хугаццанд хийсэн орон. Энэ нь монголчуудын уугуул сэтгэлгээтэй ч холбоотой бололтой баримтууд байна. Талын нүүдэлчид төлөөллийн ардчиллын өвөрмөц  маягийн системийг ашиглаж байсан. Их Монгол Улсын үед л гэхэд Их хуралдай хуралдуулж, тэндээсээ хаанаа сонгож, баталгаажуулдаг байлаа. Чингис хаан ч ийм зарчмаар сонгогдсон. Тэрээр зөвшилцлийн зарчмаар эзэнт гүрнээ байгуулсан. Энэ агуулгаараа ардчилалд эерэг хандах хандлага монголчуудын язгуурын сэтгэлгээнд байжээ гэж үзэж болохоор байна гэсэн юм.


"30 жилийн өмнө би намын Ерөнхий нарийн бичгийн дарга байлаа. Тэр үед Монгол дахь Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгчийн газар байгуулагдаж, анхны суурин төлөөлөгч нь ирж байсныг тодхон санаж байна. Энэ 30 жилд Монгол Улсад урьд өмнө хэзээ ч төсөөлж байгаагүй том том өөрчлөлтүүд гарсан. Эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнол зохих дэвшилд хүрсэн. Одоо харин ардчиллыг бэхжүүлэх ажлаа маш сайн хиймээр байна. Саяхны нэг судалгаагаар судалгаанд оролцогчдын 46 хувь нь "Монгол Улс ардчиллаасаа ухраад байна шүү" гэж сануулсан байна лээ. Үүнд бид дүгнэлт хийх ёстой. Өнөөдөр Монгол Улсад гурван хүний нэг нь ядуу, хүн амын 30 хувь гаруй нь ажилгүй байна. Манай ардчилалд тулгарч буй хамгийн том бэрхшээл, аюул заналхийлэл нь нийгмийн тэгш бус байдал болсон. Ингээд ирэхээр ардчилал маань хэлбэр төдий харагдаад эхэллээ. Бид ардчиллыг бэхжүүлж чадахгүй байна. Эдийн засгийн ардчилал хаягдчихлаа" хэмээн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэллээ.


Ардчиллын чуулганы өөр нэг илтгэгч нь ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Манфрэд Грунд байв. Тэрбээр, ямар ч улс оронд өөрчилж болдоггүй хоёр зүйл байдаг. Энэ бол 1. Газар зүйн байршил, 2. Түүх. Монгол Улс бол ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний дунд оршдог. Нэгэнт хоёр хөршөөсөө холдох аргагүй тул сүүлийн жилүүдэд гуравдагч хөршийн бодлогыг гаргаж ирсэн. Европын холбоо, ХБНГУ Монгол Улсын гуравдагч хөрш болсондоо таатай байдаг. Бидний хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд ямар ч саад бэрхшээлгүй үргэлжилж байна. Монгол Улс өнгөрсөн 30 жилд иргэний нийгмээ бэхжүүлэх зэргээр маш их хичээж ажилласан. Цаашид хамгийн түрүүнд төрийн албыг чадавхжуулах хэрэгтэй байна. Мөн ардчилсан тогтолцоогоо улам бэхжүүлэх шаардлагатай хэмээн илтгэлдээ дурдлаа.


1955 онд байгуулагдсан Конрад-Аденауэр сан нь 1993 онд Монгол Улсад төлөөлөгчийн газраа байгуулж, өнгөрсөн хугацаанд ардчиллыг хамгаалж, бэхжүүлэх чиглэлээр ажиллаж иржээ. Тус сан 2014 оноос хойш Ардчиллын чуулганыг зохион байгуулж байгаа юм.









Холбоотой мэдээ