Нийслэлийн 63 дугаар сургууль цахилгаан шаттай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр “Тоёото брэнд” нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар дунд сургуульд нэн шаардлагатай байсан цахилгаан шатыг суурилуулж өгөв. Ингэснээр тус сургуулийн тэргэнцэртэй сурагчдад хөгжлийн ялгаатай байдал, онцлог, хэрэгцээг харгалзсан, тэгш хүртээмжтэй орчин бүрдсэнээр сургуулийнхаа орчинд, анги танхимдаа орох, гарах үедээ аюулгүй зорчих таатай нөхцөл бүрдлээ.
Цахилгаан шат нь
тулгуур эрхтний хөгжлийн брэхшээлтэй хүүхэд зорчих чанарын стандартад нийцсэн,
тэргэнцэр эргэх орон зайг шийдсэнээс гадна хүүхэд товчлуурыг нь дарах боломжит
түвшинд байрлуулж, цахилгаан шатаар зорчиж байхдаа гадаах орчин, байгалийг арын
шилэн цонхоор харах боломжтой шийдэл хийснээрээ онцлогтой. Цахилгаан шатыг
салбартаа арваад жил ажилласан туршлагатай инженер техникийн баг хамт олноос
бүрдсэн “Өрнөх хүч Инженеринг” ХХК хийж гүйцэтгэжээ.
“Манай сургуульд олон
янзын бэрхшээл, хөгжлийн онцлогтой хүүхүүд сурдаг. Биднийг зориод ирсэн нэг хүүхдийг
ч боловсролоос ангид үлдээхгүйн төлөө бүх үүд хаалгаа нээлттэй байлгаж, эцэг
эхчүүдийн итгэлийг даан, сэтгэл гаргаж ажиллахыг зорьдог” хэмээн тус сургуулийн
захирал С.Эрдэнэбаатар сургуулийн нээлтийн үеэр онцлоод, “Тэргэнцэртэй сурагчид
шатаар өгсөж, буух нь хүндрэлтэй байсан. Энэ нь зөвхөн суралцаж буй хүүхдүүдийн
асуудал биш тэдний гэр бүлийнхэн болон манай багш нарын эрүүл амьдрах нөхцөлд
маш том тус боллоо. Үүнийг соргогоор анзаарч, цахилгаан шат суурилуулахыг санаачилсан,
дэмжиж санхүүжүүлсэн хамт олонд талархаж
байна”гэсэн юм.
“Тоёото брэнд” тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад хувь нэмрээ оруулахаар зорьдог. Үүний 4 дэх
үзүүлэлт болох чанартай боловсролыг дэмжих зорилгоор боловсролын салбарт
чиглэж, сурагчдыг аюулгүй байдал, сурах орчин нөхцөлийг сайжруулах, тэгш
хамруулах сургахад чиглэжээ. Тус компани өмнөх жилүүдэд эрүүл мэндийн салбарт анхаарч,
2021 онд ЭХЭМҮТ-д HIACE
автомашиныг бэлэглэж, 2022 онд Хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийн 283.8 мкв
талбайг тохижуулжээ. Эдгээр ажлыг зохион байгуулах, мэдээллийг олон нийтэд
түгээх албан ёсны агентлагаар “Монгол контент” ХХК 3 дахь жилдээ ажиллаж байгаа
аж.
Хүүхдийн мэдрэхүйг
хөгжүүлэх өрөөг өөрсдийн хүчээр тохижуулжээ
Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн багш ажилчид цар тахлын үед өөрсдийн хүчээр аутизмтай хүүхдийн мэдрэхүйн эрхтнээр дамжуулан тархин дахь хөөрөл, саатлын үйл ажиллагааг тэнцвэржүүлэх зорилгоор аквариумтай загас, гэрийн тэжээвэр жижиг мэрэгч амьтан, ургамал цэцэгс гэх мэтийг цогцлоосон өрөө тохижуулжээ.
Хүүхэд
эндээс төрөл бүрийн ургамал, цэцэгсийг харж үнэрлэн, усны боргио сонсож, тэжээвэр
бяцхан мэрэгч амьтдыг өөрсдийн гараар хооллож, өхөөрдөн ярилцаж хүрэлцэхүйн мэдрэхүйгээ
хөгжүүлж, амьтадтай амьд харилцаа үүсгэх боломжтой юм.
Мөн шавраар янз бүрийн дүрс, амьтан урлуулснаар захын мэдрэлийг цочоон хөгжөөж, анхаарлыг нь төвлөрүүлэх танхимд олон бүтээлийг нь дэлгэсэн байлаа. Тэдгээрийг урлаж суухдаа хүүхэд маш их урам зориг авч, хийсэн зүйлээ хараад баярладаг гэдгийг тус сургуулийн захирал С.Эрдэнэбаатар ярьж байлаа. Анагаахын чиглэлээр суурь мэргэжил эзэмшиж, Япон Улсад мэргэжил дээшлүүлсэн багш нар хөдөлгөөн заслын танхимд ажиллаж, бүжгийн хэмнэлээр хөдөлгөөн зааж, хүүхдийн жижиг үеэс эхлээд хөдөлгөөнийг нь сайжруулах зорилгоор 10 гаруй засал, үйлчилгээ хийдэг байна. Энэ хичээлийн жилээс шавар эмчилгээ, бариа засал гэх мэт уламжлалт анагаах ухааны хичээлүүд нэмэгджээ.
Түүнчлэн,
сэтгэл заслын танхимдаа өнгө өнгийн тууз, модон тоглоом гэхчлэн төрөл бүрийн
хэрэгсэл дэлгэсэн нь хүүхдэд түлхүүр цоож онгойлгож сурах, үсээ угаах зэрэг
амьдралын энгийн дадлыг заадаг байна. Тусгайлан тохижуулсан номын өргөөд
хүүхдүүд ном унших дуртай. Зарим нь дураараа хэвтэж, суух, зарим нь өөрийгөө
тусгаарлан анхаарлаа төвлөрүүлэх дуртай зэрэгт тохируулж, өөрийнхөөрөө байх
тухад нь зориулж тохижуулжээ. Хэл заслын танхимтай. Одоогоор огт ярьдаггүй
гучаад хүүхэд байдаг аж. Үүнээс гадна Монгол Улсын 2 Ерөнхийлөгч, 3 Ерөнхий
сайдын хоолыг хийж байсан туршлагатай, мэргэжлийн тогооч н.Сэлэнгэ сурагчдын хоолыг
хийж, тэднийг хоол заслаар ч дэмждэг байна.
“Итгэл, сэтгэл,
зүтгэл, бахархал, талархал” уриатай, 1975 онд байгуулагдсан тус сургууль нь олон
улсын жишигт нийцсэн, тусгай хэрэгцээт боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулсан
оюуны төв болох, сурагч бүрийн хэрэгцээг хангаж, хөгжлийн цогц үйлчилгээг
үзүүлэн, нийгэмд бие даан амьдрах чадвартай төгсөгчдийг бэлтгэхийг зорьж байна.
Тус сургууль одоогоор 300 гаруй сурагч, 50 орчим багш, ажилтантай.
Тус
сургуулийн 6 дугаар ангийн сурагч Н.Баянболдын ээж М.Цэнджав: Хичээлийн шинэ жилийн нээлтэд хүүгээ
аваад ирлээ. Халуун дулаан хамт олны дунд хүүгээ нийгэмжүүлж байгаа нь сайхан
санагддаг. Бид хоёр нэг хэсэг очих газаргүй байсан. Одоо зориод очих
сургуультай, хаягтай, хүлээж авах анги танхим, багштай болсонд баяртай байгаа. Энэ
сургуулийн үүдээр ороход л жижүүр, үйлчлэгчээс эхлээд маш эелдэг угтдаг онцлогтой.
Багш ажилчид нь дотно хүлээж авдаг учир сэтгэлд ойрхон санагддаг. Миний хүүг
2 дахь жилдээ сургаж буй багш, ажилчдадаа хайртай гэж хэлмээр байна.
Өмнө нь өөр сургуульд явж байсныгаа муу гэхгүй. Гэхдээ сэтгэлээсээ байгаа
эсэх нь мэдрэгддэг. Биднийг тэгсэнгүй, ингэсэнгүй гээд цэрвэх, хөөж туух
тохиолдол гардаг л юм. Энэ сургуульд өгснөөс хойш хэдийд ч сандраад гүйгээд ирэхэд заримдаа багш нь тэврээд гаргаад ирдэг. Аль ч багш нь уриалгахан хандана. Хүүгийн тань булчин чангараад
байна гээд л хөдөлгөөн засалд явуулна. Сургууль дээрээ сууж чадахгүй ядраад
байвал өрөөнд оруулж хэвтүүлээд булчин суллах хөдөлгөөн хийлгэдэг. Энэ жилээс
миний хүүд хөдөлмөр заслын хичээл нэмэгдсэн. Онцгой хүүхдэд зориулсан цахилгаан
шаттай болсныг хараад баярлаж байна. Олон жил хүүгээ ийш тийш зөөсөн ч хамгийн
ээлтэй орчин 63-р сургууль байсан. Иймээс бид саяхан сургуульд нь ойртож, Баянхошуунаас
Буянт-Ухаад нүүж ирсэн байгаа.
Тапан Мишра: Монгол
Улс Тогтвортой хөгжлийн зорилгод бүрнэ гэдэгт бүрэн итгэдэг
Хичээлийн шинэ
жилийн нээлтийн үеэр Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагаас тус
сургуульд ирсэн сэтгэгдлийг нь сонирхлоо.
-Энэ сургуульд ирсэн сэтгэгдлээ 3 зүйлд онцолж ярья. Сургууль нь төрөл бүрийн бэрхшээлтэй хүүхдэд сурах орчныг таатай, тусгай хэрэгцээнд нийцсэн байдлаар тохижуулсныг харахад таатай байна. Хэл заслын, хөдөлгөөн заслын гэх мэт хүүхэд бүрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн орчин бүрдүүлжээ. Сургуулийн орчныг бодож төлөвлөн сайн зохион байгуулжээ.
Хоёрдугаарт, багш нарын хичээл зүтгэлийг үнэлж байна. Хүүхэд нэг бүрийн төлөө сэтгэл зүрхээ зорилж ажилладаг нь нүдэнд ил байна. Ялангуяа захирал нь 20 гаруй жил тусгай хэрэгцээт хүүхдийн боловсролын чиглэлд тууштай ажиллажээ.
Гуравдугаарт, эцэг эхчүүдийг онцолж байна. Хүүхдүүдийнх нь төлөө сэтгэлээ
зориулж, нөхцөл бүрдүүлэн, сурах орчин бий болгосон сургууль дээр ээж аавууд сэтгэл
хангалуун байгааг харлаа. Сая миний таньдаг цагдаагийн албаны нэг ажилтан
эмэгтэй 15 настай хүүхдээ авчирч өгч байна. Бэрхшээлтэй хүүхдүүд жирийн
сургуульд сурахад хүндрэлтэй байдаг тул ийм сайн багш нарт хүүхдээ сэтгэл
амгалан, итгэлтэй үлдээж байгааг харсандаа бахархаж байлаа.
Харин ганц нэг
анхаарал тавих зүйл нь сургууль руу орох зам маш хэцүү юм. Ямар ч зам
тэмдэглэгээгүй, хаана ямар сургууль байгааг олоход хэцүү санагдлаа. Иймд “Тоёото брэнд” нийгмийн хариуцлагын хүрээнд ийм сайхан ажлыг хийж өгсөн юм
чинь дараагийн удаад тэр хавийн замын тэмдэг, тэмдэглэгээг нь сайжруулах өгөөч
гэсэн хүсэлт тавилаа.
-Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийн сургуульд цахилгаан шат суурилуулах чиглэлийг танай
байгууллагаас өгсөн гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-“Монгол контент” ХХК манай байгууллагад хандан, “Тоёото брэнд”-ийн санхүүжилтээр хүүхэд залуусын боловсролд чиглэлд зөв зүйтэй юу хийж болох талаар зөвлөгөө хүссэн. Ингээд энэ жил хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ой тохиож байгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарч, тэдэнд чиглэсэн ажил хийвэл зүгээр гэж бодлогын чиглэл өгсөн. Энэ бүхэн ажил хэрэг болж өнөөдөр 63-р сургуулльд сурдаг тэргэнцэртэй хүүхдүүд цахилгаан шаттай болж байгаад баяртай байна.
-Өнөөдрийн энэ
үйл ажиллагаа нь Тогтвортой хөгжлийн зорилтын нэг болох тэгш хүртээмжтэй
боловсрол олгохтой холбогдож байгаа талаар ярина уу?
-Хүний хөгжлийн үндэс нь хүний эрх юм. Өнөөдөр бид хөгжлийн бэрхшээлтэй, ялангуяа оюуны болон мэдрэхүйн бэрхшээлтэй онцгой хүүхдийн сургууль дээр ирлээ. Хамгийн чухал нь хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй, таатай орчин суралцах ёстой. Энэ сургууль тусгай хэрэгцээт хүүхдийн төлөө маш их зүтгэл гаргаж байна. Хүүхдүүд суралцахад аюулгүй, амгалан тайван нөхцөл бүрдүүлж өгч байгааг нь харлаа. Цахилгаан шатыг суурилуулж өгснөөр тэргэнцэртэй хүүхдүүд, тэдний ар гэрийнхэн, багш нарт маш чухал байгаа. Энэ нөхцөл байдал боловсрол хүн бүрд хүртээмжтэй байх орчин бүрдүүлж байна гэсэн үг юм.
-АНУ-ын Нью-Йорк
хотноо өнгөрсөн 7 дугаар сард болсон НҮБ-ын улс төрийн дээд хэмжээний чуулга
уулзалтад Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаарх үндэсний
сайн дурын илтгэлээ танилцуулсан. Бусад оронтой харьцуулахад зарим үзүүлэлтээр
доогуур байсан. Хэрхэн сайжруулах боломж байгаа бол?
-НҮБ-ын
дэмжлэгтэйгээр ЭЗХЯ, хөгжлийн бусад бүхий л харилцаанд оролцогч талууд,
эрдэмтэн судлаачдын оролцоотой дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийсэн тайлан болсон.
Тогтвортой хөгжлийн зорилтын ихэнх дээр нь ахиц дэвшил гарсан ч ядуурлыг
бууруулах эхний зорилго дээр анх байсан түвшнээс ухарсан байгаа. Эхний зорилго
бол ядуурлыг устгах. Ядуурал бий болоод байгаа нь маш олон хийх ёстой зүйлийг
хийгээгүйгээс улбаатай. Иргэдэд боломж нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй, эрүүл
мэндийг сайн дэмжээгүй, боловсролыг сайжруулж, чанартай болгож чадахгүй байгаа тул
ядуурал бий болж байна. Ядуурлыг бууруулж эдийн засгийн хөгжлийг дэмжихийн тулд
хийх ёстой зүйлсийг хийж байж тэр түвшинд хүрнэ. Тиймээс хөгжлийг илүү
хурдасгаж, Тогтвортой хөгжлийн зорилгод бүрэн хүрэх 11 төрлийн чиглэлийг тодорхойлсон.
Эдгээр чиглэлд анхаарвал эдийнзасгийн хөгжлийн зорилгуудаа хүргэх боломжтой.
-Тогтвортой
хөгжлийн зорилгын үндэсний чуулганыг есдүгээр сарын 7-нд Улаанбаатар хотноо зохион
байгуулна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Ерөнхийлөгчийн удирдлага дор Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний чуулганыг зохион байгуулна. Үүнд төрийн болон ТББ, эрдэм шинжилгээний болон иргэний нийгмийн, залуучуудын, орон нутгийн байгууллага гээд бүх талын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгүүдийгөрнүүлж, Монгол Улсын хувьд хөгжлийг хурдасгахад ямар үүрэгтэй байх вэ гэдэг хурдасгууруудаа эцэслэн батална.
Монгол Улс өөрсдийн баталсан “Алсын хараа 2050” хөтөлбөртөө хүрэхэд нь чиглүүлэх, 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгууддаа бүрэн хүрэхийн тулд 11 чиглэлээр ямарт нь илүү хүч тавьж, анхаарч ажиллах вэ гэдгийг бүх талын дуу хоолойг оролцуулан, нэгдсэн дүгнэлт гаргах юм. Энэ илтгэлээ Монгол Улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 18-19-ны хооронд Нью-Йорк хотноо болох Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг дүгнэх дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтад танилцуулна. Тиймээс миний хувьд нэлээн өөдрөг бодолтой байна.
Хэдийгээр ганц
нэг тал дээр ухарч, зарим тал дээр хангалттай урагшилж чадаагүй ч Ерөнхийлөгчийн
болон бусад бүх талын оролцоотой, хүн бүр хувь нэмрээ оруулахыг зорж байгааг
харахад бүгдээрээ нэгдэн, Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх боломжтой гэсэн өөдрөг
итгэлтэй байгаа.