Стратегийн онцгой ач холбогдолтой төмөр замын төслүүдийг шуурхай хэрэгжүүлэхээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-09-03 15:45:09
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны есдүгээр сарын 1-нд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзаж, төмөр замын салбарын томоохон бүтээн байгуулалтыг ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэхээр боллоо.


Сайд С.Бямбацогт энэ хүрээнд, Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам нь Монгол Улс, БНХАУ, ОХУ-ыг холбосон төмөр замын төв коридор болно. Одоогоор манай улс Замын-Үүд гэсэн төмөр замын ганцхан гарцтай. Тус төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсаар дамжин өнгөрөх ачаа тээврийн тоо нэмэгдэж, гурван улсын тээврийн тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэх нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдолтой. Манай улс концесс эзэмшигчтэй холбогдох гэрээг байгуулсан бөгөөд ойрын хугацаанд барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Тиймээс Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн, Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр замыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Их засварыг ойрын хугацаанд эхлүүлэхэд ОХУ-ыг хамтран ажиллахыг хүсэв.


Мөн нийслэл хотыг дайран өнгөрөх Богдхан төмөр замын төсөл нь төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, суурьшлын бүс дагуу ажлын байр бий болох, түгжрэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой. Төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан тул бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлэх, Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замын хүчин чадал, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, техникийн нийцлэлийг бий болгох зорилгоор, их засварыг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд уг асуудлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн оросын талын хувь нийлүүлэгчдэд уламжилж, шийдвэрлэж хамтран эрчимжүүлж, хэрэгжүүлэх талаар ярилцлаа.


Элчин сайд А.Н.Евсиков төмөр замын их засвар, шинэчлэлтийг шуурхай эхлүүлж гурван улсын тээврийн коридорыг өргөжүүлж, ачаа тээврийн нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулахаа хэлэв. Түүнчлэн төмөр замаа хос болгох, төсөв, санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх боломж, хоёр улсын найрамдлын бэлгэ тэмдэг Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийг ирээдүйн 70 жилд хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт саналаа нэгтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Холбоотой мэдээ