Саран дээр буух Японы анхны төхөөрөмжийг хөөргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-09-07 09:32:51

ТОКИО. /TASS/. Сарыг судлах зорилгоор бүтээсэн Японы анхны буугч төхөөрөмжийг “H2A” зөөгч пуужингаар Кагошима мужийн Танэгишима сансрын буудлаас өнөө өглөө хөөргөлөө. Хөөргөх ажиллагааг Японы сансар судлалын агентлаг (JAXA) шууд дамжуулж байна. 


Цаг агаарын таагүй байдлын улмаас буугч модулийг хөөргөх ажиллагааг хэд хэдэн удаа хойшлуулсан юм.


SLIM гэдэг нэртэй, 2.4 м өндөр, 200 кг жинтэй уг аппарат нь нүүр царай таних системд ашигладагтай ижил технологи ашиглан Сарны тогоо, гадаргууг судлах юм. Мөн Сарны гадаргуугийн чулуулаг дахь төмөр болон бусад элементүүдийн агууламжийг хэмжих тусгай камераар тоноглогджээ. Уг төхөөрөмжөөс хүлээн авсан мэдээллийг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ Сар руу хүн илгээх “Artemis” хөтөлбөрт ашиглана.


“H2A” зөөгч пуужингаар мөн NASA-тай хамтран бүтээсэн XRISM рентген дуран авайг хөөргөж байгаа ажээ. 


Япон улс “SLIM”-ийг тавдугаар сард Сар руу илгээхээр төлөвлөж байсан боловч хүнд даацын шинэ “Н3” пуужингийн  хөөргөлт амжилтгүй болсон тул хойшлуулсан юм. Хэрэв энэ удаагийн хөөргөлт амжилттай болбол тус улс манай гаргийн дагуул дээр төхөөрөмжөө буулгасан дэлхийн тав дахь орон болно. Өмнө нь ЗХУ, АНУ, Хятад, Энэтхэг улсууд Саран дээр аппаратаа амжилттай газардуулсан билээ.


Холбоотой мэдээ