Хэлмэгдүүлэлтийн талаарх түүхийн үнэн зөвийг тогтооход ахиц гаргахыг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-11 11:47:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Чэжүд болсон хэлмэгдүүлэлтийн “Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ны түүх” тусгай үзэсгэлэнг Үндэсний музейд дэлгээд байна.


Чэжүд 1948 оны 4 дүгээр сарын 3-нд их хэлмэгдүүлэлт болж, 30 мянган хүнээс 14 мянган хүнийг цаазалсан нь манай улсын хэлмэгдүүлэлтийн түүхтэй адил юм. Иймд тус улсын Засгийн газраас “Чэжү 4.3 Энхтайван” сан болон хэлмэгдүүлэлттэй холбоотой хөшөө, цогцолбор, дурсгалын самбар, музейг байгуулжээ.


Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Чэжү 4.3 Энхтайван” сангийн ТУЗ-ийн дарга дарга Гу Хийбомтой ярилцлаа.

-“Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ны түүх” үзэсгэлэнг манай улсад гаргах болсон тухайгаа тодруулна уу?

-Чэжүд 4 дүгээр сарын 3-нд болсон үйл явдал монголын их хэлмэгдүүлэлттэй маш олон талаараа адилхан. Манай Чэжү 4.3-ын ард түлхэгч, гүйцэтгэгч хүч нь АНУ байсан бол Монголын хувьд Оросууд байсан шүү дээ. Бас нэг ижил төстэй зүйл нь тус хоёр эмгэнэлтэй үйл явдлын тайлал нь олон арван жилийн дараа болсон байдаг. Тухайн хэргийг цагаатгаж эхэлсэн, гэм бурууг тогтоож, нэр төрийг нь сэргээж, нөхөн олговор олгосон нь адилхан өнгө аястай юм билээ.


Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа өнгөрсөн 4 дүгээр сард Чэжүд айлчлах үеэрээ “Чэжү 4.3 Энхтайван” сантай Монгол Улс улс төрийн хэлмэгдүүлэлтийн үнэн зөв түүхийг тогтоох, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, хойч үедээ түүхийг танин мэдүүлж, сургах, үзэсгэлэн зохион байгуулах зэрэг түүхийн асуудлыг шийдэх зорилгоор ажлын гэрээ байгуулсан. Мөн Чэжү 4.3 энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд “Монголын орчин үеийн түүхийн эмгэнэл: Улс төрийн хэлмэгдүүлэлт ба цагаатгалын түүх” үзэсгэлэн гаргаж байлаа. Монголын их хэлмэгдүүлэлтийн тухай хилийн чанадад хамгийн анхны түүхэн үзэсгэлэнг гаргаж, Монголын хэлмэгдүүлэлтийн тухай бидэнд таниулж өгсөн юм. Мэдээж, Солонгосын олон эрдэмтэн монголын шинэ үеийн түүхийн судалдаг ч бодитоор үзэсгэлэн гаргаж, солонгосчуудад таниулсан анхны тохиолдол байсан. Үүний хариу болгож Чэжү 4.3”-ны үйл явдлын тухай таниулахаар Монголд ирээд, хариу үзэсгэлэн гаргаж байна.


-Монголын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, “Чэжү 4.3 Энхтайван” сангийн ирээдүйн хамтын ажиллагааны талаар ярина уу?

-Хамтын ажиллагаа маань Монголын хэлмэгдүүлэлтийн талаар Чэжүд үзэсгэлэн гаргахаас эхэлсэн байдаг. Бид хамтран ажилласнаар улс төрийн хэлмэгдүүлэлт, шийдэх ёстой түүхийн асуудлыг ярилцаж, нааштай шийдэхэд ахиц гаргах зорилготой. Хүлээлт, төлөвлөгөө бий. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, хүний эрхийн бусад байгууллага, манай сан хамтраад хүний үндсэн, заяагдмал эрх болох эрх чөлөө, амьд явах эрх, үгээ хэлэх илэрхийлэх зэрэг бүх эрхийг хангаж, түүхийн үнэн зөвийг тогтоож, өнгөрсөн түүхийг зөвөөр цэгцлэх тухай сургалтаас эхлээд олон ажлыг хамтарч хийхээр төлөвлөгөө гаргаад, дөнгөж ярилцаж эхэлж байна даа.


-БНСУ-ын хувьд хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдрийг хэрхэн тэмдэглэдэг бол?

-БНСУ-ын Чэжү арал тэр чигээрээ хөдөлгөөнд ордог доо. Энэ бол ганцхан Чэжүгийн асуудал биш учир сарын турш соёлын үйл ажиллагаанууд зохион байгуулдаг. Тухайлбал, зураачид тусгай үзэсгэлэн гаргаж, зохиолч, яруу найрагчид шүлэг найргийн наадам зохион байгуулж, урлагийнхан концерт, мюзикл гэхчлэн олон төрлийн тоглолт зохион байгуулдаг. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд эх газраас олон зочин гийчин, улс төрийн том зүтгэлтнүүд арал дээр хүрэлцэн ирдэг. Тэндээсээ онцгойлон мессеж илгээж, хохирогчдын ар гэр, үр хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлдэг. Мөн хэлмэгдүүлэлттэй холбоотой төрөл бүрийн сургалт семинар, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг.

Монгол Улсад анх удаа ирж, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхэд оролцлоо. Үйл ажиллагаа маш богино болоод өнгөрдөг юм байна. Цэцэг өргөхөөс гадна хэн нэгэн өөрсдийн дуу хоолойг дамжуулах ч юм уу, бидний түүх ийм учиртай байсан гэдгээ тайлбарлах зүйл байгаагүй нь бага зэрэг гайхмаар санагдлаа.


Чэжүд тохиолдсон гунигт үйл явдлыг олон 10 жилийн турш ярихаас цэрвэн, хав дарж байсан түүхийн үнэнийг тогтоож, нэр төрийг нь сэргээе гэсэн олны хүчин чармайлтын үр дүнд БНСУ 2000 онд “4.3 тусгай хууль” баталснаар түүхийн үнэнийг судлах, хэлмэгдэгсдийн талаар мэдээлэл авах ажлыг эхлүүлжээ. Ингэснээр төрийн эрх мэдлийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, Засгийн газар “Чэжү 4.3 түүхэн үнэнийг тогтоох судалгааны тайланг 2003 онд баталж, Ерөнхийлөгч нь ард түмнээсээ уучлал хүссэн аж. Тэр цагаас хойш өнгөрсөн үеийг дурсан санаж, хойч үедээ ийм түүхийг дахин давтах ёсгүйг сургамжлахын тулд Чэжү 4.3 энх тайвны цэцэрлэгт хүрээлэн, Дурсгалын танхим байгуулжээ.      

Холбоотой мэдээ