Сайншанд хот ус цэвэрлэх байгууламжтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-17 12:03:30

Дорноговь аймгийн Сайншанд хотод Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ус цэвэрлэх байгууламж барина.

Зүүн өмнөд говийн аймгийн төвүүд хийгээд хилийн ойролцоох суурин газруудын дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд Өвөрхангай, Архангай, Дорноговь, Өмнөговь аймагт шинээр цэвэрлэх байгууламж барих гэрээг энэ оны тавдугаар сард АХБ-ны Зүүн Азийн бүсийн Захирал Аюуми Кониши дээрх аймгуудын Засаг дарга нартай  Улаанбаатар хотод байгуулж байжээ.

Энэ ажлын үргэлжлэл болгож Азийн Хөгжлийн банкны Андерс Петтерсон тэргүүтэй төлөөлөгчид өнгөрөгч долоо хоногт Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй уулзаж Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ирэх 2017 онд Сайншанд суманд бохир ус цэвэршүүлэх байгууламж барих ажлын тухай ярилцав .

Дашрамд дурдахад Сайншанд хотын цэвэрлэх байгууламжийг 1987 барьж ашиглалтад оруулж байсан бөгөөд 14 км урт бохир ус зайлуулах сүлжээгээр өдөрт 1,400-2,700 м3 бохир усыг дамжуулан цэвэрлэж байсан хэдий ч 1997 онд үйл ажиллагаа нь зогссон аж.

Харин өнөөдрийг хүртэл өдөрт 1,400 шоо метр бохир усыг ямар ч цэвэрлэгээ хийлгүйгээр байгальд урсгаж орчныг бохирдуулсаар.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ