БАЯНХОНГОР: ХУРДАН цэгийг нэмж байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг "Хаанаас ч ойрхон" хүргэх ХУРДАН цэгийг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баруун бүсийн худалдааны төвд байгууллаа.
Анхны ХУРДАН цэгийг аймгийн ЗДТГ-ын нэг давхарт Үйлчилгээний нэгдсэн төвийн 124 тоотод нээн ажиллуулсан бол ийнхүү хоёр төвийг нэмж ажиллуулахаар болж байна.
Төрийн цахим үйлчилгээний ХУРДАН цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах бүрэн боломжтой.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах ажил ийнхүү шат дараатай үргэлжилж байна.