Ерөнхий сайд: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван гарцтай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-18 10:06:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллаж, Алтанбулаг боомтын өргөтгөл шинэчлэл, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.


“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд АХБ-ны санхүүжилтээр тус боомтыг өргөтгөж, зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6.000 м2 ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км урттай авто зам, 7.000 м2 авто зогсоол, 30.000 м2 зам талбай барина. “Эйч кэ би интернэшнл холдинг” ХХК авто зам, зогсоолын ажлыг дуусгаж байгаа.


Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын нэгдүгээр хэсэг болох ачаа тээврийн терминалыг ирэх сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулна. Зорчигч тээврийн терминал хэсгийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар шамдаж байгааг Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга танилцуулав. Боомтын шинэчлэлийг бүрэн хийснээр Алтанбулаг боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 3, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо тус бүр 4 дахин нэмэгдэнэ гэж тооцжээ.



“Өнгөрсөн хугацаанд манай улсад Замын-Үүд чиглэлийн ганцхан төмөр замаар ачаа эргэлт явж ирсэн. Засгийн газар ирэх хоёр жилд экспортын 5 гарцтай болохыг зорьж байна. Шивээхүрэн, Бичигтийн ажлыг дуусгаж, Зүүнбаян, Гашуунсухайт холбогдоно. Замын-Үүдээ өргөтгөж байгаа. Дараагийн зорилт нь гурван улсын коридор. Шивээхүрэнг Арцсуурьтай, Бичигтийг Эрээнцавтай, Замын-Үүдийг Алтанбулагтай холбоно. Замын-Үүд, Алтанбулагийн вагон депо дээр хүчин чадлыг нь нэмэх төсөл аравдугаар сард дуусна. Алтанбулаг, Замын-Үүдийг холбох зорилт тавьсан. Эдгээр шинэчлэлийг дагаад ачаа тээврийн эргэлт зөвхөн Монгол, Оросын хооронд биш ОХУ, БНХАУ-ын хооронд экспортын гарц нээж, Монгол транзит улс болох бодлого хэрэгжих боломж бүрдэнэ. Мөн, Алтанбулаг, Замын -Үүдийг хурдны зам, төмөр замаар, хос царигаар холбох талаар БНХАУ-д айлчлах үеэрээ хөндсөн. Удахгүй ОХУ-д хийх айлчлалын үеэр ч энэ асуудлыг тавина. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлснээр ДНБ-ий 43 их наяд орчим эргэлтийг 75 их наядад хүргэлээ. Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүс, ачаа тээврийн терминалууд эргэлтэд орж эхэлбэл ДНБ 100 их наяд хүрэх боломжтойг Ерөнхий сайд онцоллоо.


Тэрбээр, Засгийн газар хувийн хэвшлийнхний олон жил хүлээсэн хөнгөлөлттэй тарифыг шийднэ. Ингэж чадвал малын түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэж, хөдөө аж ахуйн салбарт үсрэнгүй хөгжлийн гарц болно гэдгийг мэдэгдсэн юм. 



Алтанбулагийн чөлөөт бүсэд импортоор орж ирж буй архи, согтууруулах ундааны худалдан авалттай холбоотой зарим хязгаарлалт хийснээс үүдэн хохирол амсаж буй талаар аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ярьж байлаа. Холбогдох албаныхан архи согтууруулах ундааг татваргүй бүсээс иргэд арилжааны зориулалтаар авах тохиолдол газар авсан тул зохицуулалт хийжээ. Ерөнхий сайд ГЕГ, ЭЗХЯ, Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба зэрэг холбогдох байгууллагын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулж, асуудлыг шийдэхийг үүрэг болгосныг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба мэдээлжээ. 

Холбоотой мэдээ