Шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-18 15:06:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Архангай аймагт үргэлжилж, тус аймагт шинээр барьж буй 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай танилцлаа.   


Амбулатори, хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг, хүчилтөрөгчийн болон дизель станцын барилга зэрэг найман блокоос бүрдсэн орчин үеийн эмнэлгийн стандартын шаардлагад нийцсэн иж бүрэн барилгыг улсын төсвийн 25.2 тэрбум төгрөгийн өртгөөр барьж байгаа.  Одоогоор барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна.


Аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилга нь 1979 онд ашиглалтад орсон бөгөөд 160 орны хүчин чадалтай ч өдгөө 200 гаруй ортойгоор лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Аймгийн удирдлагууд цаашид хуучин нэгдсэн эмнэлгийн барилга байгууламжийг  АШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгох төсөл боловруулжээ. Үүнд 19.2 тэрбум төгрөг хэрэгтэй аж.



Засаг дарга Б.Цэрэннадмид, “Архангай аймаг 60 га талбайд шинэ суурьшлын бүс байгуулж, Булганхангай -1, 2 хороолол барьж, тохижуулж байна. Одоогоор 8 байршилд 1500 айлын орон сууцны газар олгоод байгаа. Суурьшлын бүсэд 2830 өрхийн 113 мянга гаруй хүн ам оршин суухаар тооцоолсон. Хотын орон сууцны хангамж 45 хувиар нэмэгдэнэ гэж байгаа. Одоогоор аймгийн 80 гаруй хувь гэр хорооллын бүс байгаа” гэлээ.


Дээрх 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилга шинэ суурьшлын бүс дэх эхний бүтээн байгуулалтуудын нэг юм. Булганхангай-2 хороолол энэ оны 11 дүгээр  сард ашиглалтад орно. Булганхангай хорооллын эхний 20 га талбайд 120 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг, усан бассейн, 320 хүүхдийн сургууль, спорт заал, 100 хүүхдийн дотуур байр, аймгийн ОБГ, Багш хөгжлийн төв, аймгийн Прокурорын газар, 600 хүний суудалтай Хөгжимт драмын театр, “Эм Си Эс” ХХК-ий худалдааны агуулахууд, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хамт баригдаж, 63,2 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ.


Булганхангай хорооллын автозам, дугуйн болон явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, цэвэр усны байгууламж, цахилгаан, дулаан хангамж зэрэг дэд бүтэц, тохижилтод 18,5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Аймгийн Дулааны цахилгаан станц нь хувьчлагдсан, 11 уурын зуухыг нэг компани тул шинээр ашиглалтад орж байгаа аж ахуйн нэгж, амины орон сууц бүхий айл өрхийг хангахад хүндрэл үүсдэг байна. Иймд дулаан хангамжийн асуудалд онцгой анхаарч өгөхийг хүслээ.

Холбоотой мэдээ