АРХАНГАЙ: Дулааны станц барих ажлыг ирэх онд эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-18 20:14:41

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.


Уулзалтын эхэнд "Алсын хараа-2050" урт хугацааны бодлогын баримт бичигт үндэсний нэгдмэл үнэт зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга зэргийг тэргүүнд нь оруулж, хүнээ хөгжүүлж, өөрчлөлтийг хийх цаг ирснийг тайлбарлан хүргэлээ.


Мөн “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлийг танилцуулан, Засгийн газрын үйл ажиллагаа, экспорт, импортын харьцаа, авлигатай хэрхэн тэмцэж буй, шүүх засаглал хараат бус байх тухай, эдийн засгийн нөхцөл байдлын талаар иргэдэд ойлгомжтой тоогоор мэдээлэл өглөө.




Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 6,4 хувь болж тэлсэн. Энэ үзүүлэлт цар тахлын үед -4,6 хувь байсан. Өнгөрсөн онд 727 сая ам.долларын алдагдалтай гарсан төлбөрийн тэнцэл 2023 оны наймдугаар сарын байдлаар 474 сая ам.долларын эерэг баланстай гарлаа. Мөн улсын төсөв 1,7 их наяд төгрөгөөр давж биелсэн, гадаад өрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлснээр зээлжих зэрэглэлээ олон улсын түвшинд “В-тогтвортой” ангилалд хадгалж чадсан. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, нүүрсний экспортыг нэмэгдүүлсэн, Хөгжлийн банкны 1.4 их наядын чанаргүй зээлийг төлүүлсэн зэрэг Засгийн газрын шударга ёсны тэмцэл нөлөөлсөн гэдгийг тэмдэглэв.


Архангай аймаг 95 мянга гаруй хүн амтай, нэг хүнд ногдох ДНБ нь 8.8 сая төгрөг бөгөөд улсын төсвөөс 21 тэрбум төгрөгийн дэмжлэг авч байна. Цаашид урт хугацааны хөгжлийн бодлогоо гаргаж, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн томоохон төслүүдээ тодорхойлон, бие даан хөгжих боломж бүрдүүлэх хэрэгтэй гэж Ерөнхий сайд хэллээ.




Уулзалтын үеэр иргэд дулааны станцын асуудлыг шийдвэрлэх, цалин, тэтгэвэр, самартай холбоотой асуудлаар асууж, хариулт авсан юм. Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын дулааныг хариуцан ажилладаг “Эх голомтын элч” ХХК-ийн захирал Ч.Өсөхбаяр өөрийн компанийн өмчлөлд байсан дулааны шугамыг буцаан төрд өгөх шийдвэр гаргасан хэмээн сайд Л.Оюун-Эрдэнэд хэлсэн юм.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хариултыг дор сийрүүлье.

-Ирэх 7 хоногт ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын багийг Архангай аймагт ажиллуулъя. Энэ үеэр дулааны шугамыг хэрхэн төрд шилжүүлж өгөх, авах тухай шийдвэр гаргах ёстой. Ирэх 2024 оны төсөвт холбогдох санхүүг шийдэхээс гадна БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих ажлыг эрчимжүүлэх тал дээр анхаарна.


-Эрдэнэбулган сумын 5 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ байрны санхүүжилтыг 2024 оны төсөвт тусгана.

-МСҮТ-д тракторчны ангийг шинээр нээхэд дэмжлэг үзүүлнэ.

-Ахмадын өргөөний асуудлаа шийдчихвэл тоног, төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж өгье.

-Булган уулыг дархан цаазтай болгох асуудлыг намрын чуулганаар оруулж, шийдвэрлэнэ.

-Олон жил барьж, ашиглалтад орохгүй байгаа ХДТ-ын барилгыг ашиглалтад оруулах шаардлагатай хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана. Мөн аймгийн 100 жилийн ойн бэлэг болгож тус театрт сүүлийн үеийн лед дэлгэц, хөгжим апартурыг бэлэглэе.

-Шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн инженерийн шугам сүлжээний асуудлыг ирэх онд шийдвэрлэж өгье.

-Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн автозамаас Хорго, Тэрхийн цагаан нуур хүртэлх 13 км хатуу хучилттай автозамыг 2024 онд эхлүүлнэ.

амар түүх хугацааг есдүгээр сарын 15 болгон наашлуулж, эрхзүйн орчныг амьдралд нийцүүлэх гэх зэрэг олон асуудлыг өнөөдрийн уулзалтаар шийдвэрлэлээ.



Холбоотой мэдээ