ЗАВХАН: Эх оронч үзлийг төлөвшүүлэх үйл ажиллагаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-09-19 13:47:29

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт “Бидний бахархал” төслийн хүрээнд улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, эх орноо хайрлах, эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх үйл ажиллагаа боллоо.


Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Бидний бахархал” төслийн нээлт 2022 оны 11 дүгээр сараас эхэлжээ.


Энэ төсөл нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутан залууст улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, эх орноо хайрлах, эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах итгэл, үнэмшлийг төрүүлэх. Эрх чөлөөний үнэ цэн, учир холбогдлыг ухааруулан таниулах, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой юм.  


Орон даяар явуулж байгаа энэ үйл ажиллагааг Монгол хурандаа нийгэмлэгээс удирдан зохион байгууллаа.

Монгол хурандаа нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Зэвсэгт хүчний бэлтгэл хурандаа Ц.Баярсайханаар ахлуулсан бүрэлдэхүүн Улиастайн цэргийн хүрээний офицер, ахлагч нарт үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын сэдвээр мэдээлэл өгч, ярилцлага зохион байгуулав.


Мөн ерөнхий боловсролын сургуулийн 120 гаруй ахлах ангийн суралцагч, мэргэжлийн сургуулийн оюутнуудад зориулсан эх оронч үзэл, энхийг дэмжих үйл ажиллагааны талаарх сонирхолтой илтгэл тавьж, нээлттэй ярилцлаа.

Үйл ажиллагааны хамгийн сонирхолтой үзвэр нь “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” нэртэй энхийг сахиулагчдын үйл ажиллагааны гэрэл зургийн үзэсгэлэн байв.


Энд энхийг сахиулагчдын үүргээ гүйцэтгэж буй бахархам, ховор агшнуудаас гадна, Монгол цэргүүдийн дэлхийд Монгол Улсын цэргийн нэр хүндийг цуурайтуулсан энхийг сахиулагчдын амжилт түүхийг харуулсан 50 гаруй гэрэл зургийг дэлгэн үзүүллээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ