Нижарыг хөнөөсөн хэрэгт холбоогүй гэдгээ Энэтхэгийн эрх баригчид мэдэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРШИНЭ ДЕЛИ. /TASS/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Гадаад хэргийн сайд Мелани Жоли нар сикх үндэстний нийгэмлэгийн удирдагч Хардип Сингх Нижарыг хөнөөсөн хэрэгт Энэтхэгийн тагнуулын албад оролцсон хэмээн буруутгаж байгааг Энэтхэгийн Гадаад хэргийн яам эрс няцаажээ.
"Бид Канадын Ерөнхий сайдын парламентад хийсэн мэдэгдэл, түүнчлэн тус улсын Гадаад хэргийн сайдын мэдэгдлийг няцааж байна. Энэтхэгийн Засгийн газар Канадад хүчирхийллийн аливаа үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэх мэдэгдэл бол учир утгагүй зүйл мөн" гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна.
Канадын Ерөнхий сайд Ж.Трюдо Шинэ Делид болсон "Хорийн бүлэг"-ийн (G20) дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид хандан, дээрх хэрэгт Энэтхэг улс оролцсон гэж үзэж байгаагаа мэдэгдсэн ажээ. "Бид хууль дээдлэх зарчмыг тууштай баримталдаг ардчилсан улс. Ингэж үндэслэлгүйгээр буруутгаж байгаа нь Канадад орогнох эрх авсан, Энэтхэгийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учруулсаар байгаа халистаны террористууд, хэт давруу үзэлтнүүдийн үйл ажиллагаанаас олон нийтийн анхаарлыг холдуулах зорилготой" гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Канадын улс төрчид ийм элементүүдийг "өрөвдөж" байгаагаа ил тод илэрхийлж байгаа нь урьдын адил ихээхэн түгшээж байна гэж мэдэгдэлд дурдаад "Канадын засгийн газраас тус улсын нутаг дэвсгэрт Энэтхэгийн эсрэг үйл ажиллагаа явуулж буй бүх элементүүдийн эсрэг нэн даруй, үр дүнтэй хууль ёсны арга хэмжээ авах"-ыг уриалжээ.
Канадын эрх баригчид дээрх хэрэгт холбогдуулан Энэтхэгийн нэг дипломатчийг нутаг буцаах шийдвэрийг даваа гарагт гаргасан байна. Уг дипломатч Энэтхэгийн гадаад тагнуулын албаны ажилтан байсан гэдгийг Канадын Гадаад хэргийн яам дурджээ.
Зургаадугаар сарын 18-нд Британийн Колумб мужид Нижарыг хөнөөсөн хэрэгт Энэтхэгийн эрх баригчдыг сэжиглэж байна гэж Канадын Ерөнхий сайд өмнө нь парламентад үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт "G20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр энэ талаар Нарендра Модид өөрийн биеэр мэдэгдсэн бөгөөд уг хэргийн бүх нөхцөл байдлыг тогтооход хамтран ажиллахыг Энэтхэгийн эрх баригчдад хандан уриалжээ.