БАЯНХОНГОР: Хяналт шалгалтыг эрчимжүүлж, холбогдох арга хэмжээг авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-19 17:18:22

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байна.


Гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон сувгаар мэргэжлийн байгууллагууд тогтмол өгч буй ч иргэд нойтон тарвагыг тээвэрлэж, нэвтрүүлэхийг завдсан үйлдэл зогсохгүй байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээллээ.


Эрүүл мэндийн сайдын 05 албан даалгавар, аймгийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/455 дугаар “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх” захирамжийн дагуу Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын холбогдох албан хаагч нар эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулж байна.


Шалгалтын хүрээнд Баянхонгор аймгийн Өлзийт Сумын Нарийн гол гэх газраас хууль бусаар агнасан 4 тарвага, Галуут сумаас хууль бусаар агнасан 3 тарвага, Ховд аймгаас тээвэрлэн ирсэн 5 тарвага, Эрдэнэцогт сумаас хууль бусаар агнасан 1 тарваганы холбогдогчийг илрүүлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад байгаа аж. Тус тохиолдлуудад Зоонозын өвчин судлалын төв ЭМС-ын А/161 дүгээр тушаалыг баримтлан халдваргүйтгэл устгалын ажлыг хийж гүйцэтгэжээ.


Монгол Улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9. тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглох тухай заасан байдаг. Иймд ард иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж, тарваган тахлын халдвар авах аливаа эрсдэлт үйлдлүүдээс татгалзан, өөрийнхөө болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.



Сонирхуулахад, Монгол Улсад 1990 онд 15 сая толгой тарвага тоологдож байсан бол 2001 онд таван сая болж буурсан юм. Тиймээс 2005, 2006, 2014 онд Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын тушаалаар тарвага агнуурыг гурван жилийн хугацаагаар бүрэн хориглох арга хэмжээ аваад байжээ. Цаашид нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 2014 онд гарсан тарвага агнахыг хориглох тушаалыг 2017 онд гурван жилийн хугацаагаар сунгасан аж.

Холбоотой мэдээ