СЭЛЭНГЭ: "Жишиг сум" бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна

ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮД
otgontsetseg@montsame.mn
2023-09-21 08:50:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг "Жишиг сум" төслийн хүрээнд хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

 

Монгол Улсын хойд хилийн хаалга, нүүр царай болсон тус сумын хөгжил энэхүү төслийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой юм.

 

Иймд Алтанбулаг суманд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлууд хэрхэн явж буйг онцолж байна.

 

Тус сумын төвийн цэвэрлэх байгууламжийг 2019 онд улсын төсвийн 380 сая төгрөгийн хөрөнгөөр "Нишин илч" ХХК хийж гүйцэтгэснийг ашиглалтад хүлээн авах бэлтгэл ажил хийгджээ.

 

Тодруулбал тус цэвэрлэх байгууламжийг цахилгаан хангамжтай бүрэн холбох ажил дууссан байна. Цаашид цэвэрлэх байгууламжид бохир усыг задлан боловсруулах бичил биетнийг байршуулах ажлыг эхлүүлээд байна.

 

Энэхүү бохир ус цэвэрлэх байгууламж нь өдөрт 100м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай бүхий станц юм.

 

Түүнчлэн хилийн боомтын болон сумын төвийн бохир ус татан зайлуулах 2.3 км урттай шугам хоолойг угсарч сумын төвийн цэвэрлэх байгууламжтай холбох ажлыг улсын төсвийн 650 сая төгрөгийн хөрөнгө оруулалт санхүүжилтээр "Нягт холбоос констракшн" ХХК 2022 оноос хийж гүйцэтгэж байгаа.

 

Энэхүү шугам хоолойг шинэчлэн угсрах ажил 95 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд сумын Соёлын төвийн дэргэдэх бохир усны анхны худагтай холбох ажлыг хийж дуусжээ.

 

Цаашид Алтанбулаг сумын цэвэрлэх байгууламжийн ашиглалтыг аймгийн “Сэлэнгэ цэнгэг ус ОНӨУҮГ хариуцан ажиллах юм байна.

Холбоотой мэдээ