ӨВӨРХАНГАЙ: “Шинэ Арвайхээр” орон сууцны цогцолбор хотхоныг гурван жилийн хугацаанд байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Арвайхээр хотын шинэ суурьшлын бүсэд “Шинэ Арвайхээр” орон сууцны цогцолбор хотхоныг 2025-2028 он хүртэл гурван жилийн хугацаанд байгуулна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн хүрээнд Арвайхээр сумын гэр хорооллыг дахин төлөвлөлтөөр орон сууцжуулах шийдвэрийг аймгийн ИТХ-ын 2025 оны 03/05 дугаар тогтоолоор баталсан.
Тодруулбал, шинэ суурьшлын бүсийн 20 га талбайд кембрижийн хөтөлбөртэй 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, 30 блок 1600 айлын орон сууцыг 6 га ногоон байгууламжийн хамт байгуулах юм. Мөн багийн төв, өрхийн эмнэлэг гэх мэт төрийн үйлчилгээний байгууллагууд, спортын талбай, амралтын бүс, нас насны ангилалтай хүүхдийн тоглоомын талбай, өргөн хэрэглээний бараа худалдаа, үйлчилгээний төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоотой хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
“Өвөрхангай аймаг орон сууцжуулалтаа бусад аймгаас харьцангуй эрт эхэлсэн. Тиймдээ ч хөгжлийнхөө эхний үе шатуудыг туулсан гэж үзэж байгаа. Үүнд алдаа ч бий, оноо ч бий. Цаашдаа орон сууцыг хотхон хэлбэрээр хөгжүүлэх нь чухал гэж харж, төлөвлөж байна.
Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдийг нээлттэй байдлаар сонгон шалгаруулна. Албан ёсоор мэдээлэл хүргүүлсэн, одоогоор ирүүлсэн төсөл алга. Энэ төслийг хэрэгжүүлэхэд ямар нэг шалгуур үзүүлэлт байхгүй. Оролцогч аж ахуйн нэгжүүд өөрсдөө төслөө боловсруулаад хуулийн хугацаанд ирүүлэх ёстой.
Орон сууцыг хотхон хэлбэрээр хөгжүүлэх нь оршин суугчдын тав тух, аюулгүй байдал, нийгмийн харилцаа, байгаль орчинд ээлтэй байдалд нийцсэн, хот төлөвлөлтийн чухал чиг хандлага юм. Зөвхөн орон сууц барихаас гадна цогц дэд бүтэц, ногоон байгууламж, үйлчилгээний төвүүдийг хамт төлөвлөхийг шаарддаг” хэмээн ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг ярилаа.
Оролцогч аж ахуйн нэгжүүд төсөл боловсруулахдаа 640 хүүхдийн сургууль барина гэхээс илүү, сургуулийн онцлог, давуу тал, чанарыг тусгаж өгснөөр сонгон шалгаруулалтын давуу тал болох юм.
Ташрамд, сүүлийн дөрвөн жилд аймгийн хэмжээнд 1382 айлын орон сууц ашиглалтад орсноос Арвайхээр суманд 1122 айлын орон сууц барьжээ.