Холливүүдийн кино зохиолчид ажил хаялтаа зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2023-09-25 15:18:01

ЛОС-АНЖЕЛЕС. /AP/. Ажил хаялт зарлаад байгаа Америкийн кино зохиолчдын холбоо (WGA) болон Кино, телевизийн продюсерүүдийн холбооны (AMPTP) төлөөлөгчид бараг таван сарын турш үргэлжилж буй ажил хаялтыг зогсоох талаар урьдчилсан тохиролцоонд хүрчээ. 


“Америкийн кино зохиолчдын холбооны гишүүдийн эв нэгдэл, бидэнтэй 146 өдрийн туршид хамт байсан манай холбооны ах эгч дүүсийн тууштай дэмжлэгийн ачаар AMPTP-тай урьдчилсан тохиролцоонд хүрлээ” гэж тус холбооноос гишүүддээ илгээсэн цахим захидалд дурджээ. AMPTP-тай байгуулах гурван жилийн шинэ гэрээг ажил хаялт албан ёсоор дуусахаас өмнө зохиолчдын холбооны зөвлөл болон гишүүд батлах ёстой. 


Гэхдээ зохиолчид ажил хаялт албан ёсоор дууссаныг зарлах хүртэл ажлаа “бойкотлох” ёстой гэдгийг олон нийтийн сүлжээгээр гаргасан холбооны өөр нэг мэдэгдэлд дурджээ. 


Харин Америкийн кино жүжигчдийн холбоо, Америкийн телевиз, радиогийн уран бүтээлчдийн холбооны (SAG-AFTRA) ажил хаялт үргэлжилсээр байна. Жүжигчдийн холбооноос гаргасан мэдэгдэлд "манай гишүүд шударга тохиролцоонд хүрэхийг AMPTP -д уриалсан хэвээр байна" гэжээ. WGA-ын төлөөлөл ажил хаялтыг зогсоох ээлжит хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа ням гарагт AMPTP-ийн гишүүдтэй уулзахаар болсон гэж “Reuters” агентлаг мэдээлжээ.


Холливүүдийн кино зохиолчдын ажил хаялт тавдугаар сараас хойш үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сард жүжигчид тэдэнтэй нэгдсэн юм. Үйлдвэрчний эвлэлүүд цалин хөлсийг нэмэгдүүлж, жүжигчид, кино зохиолчдыг хиймэл оюун ухаанаар солихгүй байх баталгаа гаргаж өгөхийг шаардаж байгаа юм. Ажил хаялтын улмаас “Эмми” шагнал гардуулах ёслол хойшилж, “Dune” киноны үргэлжлэл гэх мэт олон киноны зураг авалт зогсоод байгаа билээ. Кино студиүдийн төлөөлөгчид наймдугаар сарын эхээр ажил хаягчидтай уулзсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй юм. 




Холбоотой мэдээ